Исланд Улстай сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Исланд Улсын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттиртай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан хөгжиж буйг талууд онцолж, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Мөн Исланд Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад ойрын хугацаанд айлчлал хийхээ мэдэгдэв.

Хэлэлцээний дүнд Гадаад хэргийн сайд нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Исланд Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн тогтвортой хөгжил, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хангахад хамтын хувь нэмрээ оруулж ажиллахаар тохиролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.