15 настай аутист хүү дэлхийн хамгийн том уран зураг зурж, Геннисийн дэлхийн рекорд тогтоон олны анхаарлыг татаж байна. Каниеячүку Тагбо-Океке хэмээх Нигер хүү аутизмын бэлгэ тэмдэг болсон олон өнгийн туузыг аутизм болон аутист хүмүүст тулгардаг бэрхшээлийг олон нийтэд таниулах зорилгоор зуржээ.
12,304 хавтгай дөрвөлжин метр талбайд зурсан тус зураг жирийн хөлбөмбөгийн талбайн (ойролцоогоор 7,140 м²) хэмжээнээс хавьгүй том юм. Тэрээр бүтээлээ 2024 оны 11-р сард зурж дуусгасан бөгөөд 2025 оны 4-р сард Аутизмыг Хүлээн Зөвшөөрөх Дэлхийн Өдрөөр Нигерийн нийслэл Абужа хотод албан ёсоор олон нийтэд толилуулж, Гиннесийн дэлхийн дээд амжилтаар хүлээн зөвшөөрсөн байна.

Тагбо-Океке Канад улсад төрсөн ч удалгүй Нигер рүү нүүсэн бөгөөд түүний өссөн амьдрал амаргүй байсан талаар гэр бүлийнхэн нь хэлжээ. Нигерид аутизмтай олон хүн гадуурхал, тусламж үйлчилгээний хомсдолд өртдөг ч Тагбо-Окекегийн гэр бүл түүнийг хамгийн сайн дэмжихээ илэрхийлжээ.
Нигерчууд түүний амжилтыг баяртайгаар тэмдэглэж, Нигерийн Соёл, урлагийн сайд Ханнату Мусава Тагбо-Окекегийн уран бүтээлийг “аутизмтай хүмүүст итгэл найдвар, урам зоригийн гэрэл” гэж үнэлжээ. Мөн Нигерийн Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу өсвөр насны хүүд баяр хүргэж: “Чи зоригтой, зоримог, тууштай нэгэн. Хүлээн зөвшөөрөгдсөнд чинь баяр хүргэе. Чи түүхэнд бичигдлээ. Нигери чамаар бахархаж байна, Каниеячүку Тагбо-Океке,” хэмээн X сүлжээнд бичжээ.

Хүүгийн энэхүү санаачилга нь мөн аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлүүдийг дэмждэг ашгийн бус Zeebah Foundation сангийн үйл ажиллагаанд хандив цуглуулах зорилготой байжээ.
