Грекийн засгийн газар даваа гарагт “Kids Wallet” нэртэй гар утасны шинэ аппликейшнийг танилцууллаа. Энэ аппликейшн нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээний цагийг хянах боломжийг олгох юм.
“Бид эцэг эхчүүдэд хүүхдүүдээ интернэт орчинд хамгаалах хүчирхэг хэрэгсэл өгч байна” хэмээн Грекийн Цахим харилцааны сайд Димитрис Папастергиу Афин хотноо энэхүү шинэ дижитал хэрэгслийг танилцуулах үеэрээ мэдэгджээ. “Энэ бол хүүхдүүд олон нийтийн сүлжээ ашиглахдаа насны баталгаажуулалт хийдэг байх шаардлагыг хангах аппликейшн бөгөөд зөвхөн Грек гэлтгүй Европ даяар хэрэгтэй зүйл юм” хэмээн нэмж дурджээ.
Цахим хэрэглээнд эцэг эхийн зөвшөөрөл шаардлагагүй болох насыг 15 гэж тогтоосон бөгөөд уг аппликейшнийг ашиглах нь сайн дурын үндэстэй юм. Онлайн цагийг хязгаарлах ижил төрлийн програмууд нь зах зээлд хэдэн арван жил байсаар ирсэн ч, засгийн газрууд өөрсдөө ийм дижитал шийдэл гаргаж эхэлж байгаа нь харьцангуй ховор үзэгдэл юм.
Хүүхдийн гар утсанд “Kids Wallet” аппликейшнийг татаж суулгасны дараа, эцэг эхчүүд өөрсдийн татварын цахим үнэмлэхийн мэдээллээр нэвтэрч, хүүхэдтэйгээ холбогдсон хэрэглэгчийн хос бүртгэл үүсгэдэг. Нэвтэрсний дараа тэд хүүхэд нь ямар аппликейшн, вэбсайтуудад хандаж болох, мөн өдөрт хэр хугацаагаар эдгээрийг ашиглахыг тогтооно. Үүний дараа, хүүхдийн насыг баталгаажуулахын тулд шаардлагатай бичиг баримтыг төрийн албан ёсны платформоор дамжуулан татаж, байршуулах ёстой.
Грекийн KMOP судалгааны байгууллагын 2024 оны судалгаагаар, 9–12 насны хүүхдүүдийн: 76.6% нь интернэтэд хувийн төхөөрөмжөөр ханддаг , 58.6% нь өдөр бүр олон нийтийн сүлжээ ашигладаг , 22.8% нь зохисгүй контенттой таарч байсан гэсэн үр дүн гарчээ.
