Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр гүүр барих ажлын явц 82 хувьтай байна.

Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарахаас таван байршилд алгасал угсарсан, холбоос төмөрбетон арматурыг мөн угсарч байна.

Зайсангийн гүүр барих ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани дангаар гүйцэтгэж, өнөөдөр барилгын талбайд 20 техник хэрэгсэлтэй 35 инженер, техникийн ажилтан ажиллаж байлаа. Зайсангийн уг шинэ гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулна.

Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ийнхүү зургаадугаар сард багтаан барьж дуусгана.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.