Малайз улсын Куала Лумпур хотод болсон Иогийн спортын ДАШТ болон Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон Иогийн спортын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид Биеийн тамир, спортын улсын хорооны ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иогийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд 48 орны баг тамирчид өрсөлдөхөд Монголын тамирчин тавдугаар байр эзэлсэн бол өсвөр үеийнхний ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт байв.
Харин өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ.
Дээрх тэмцээнүүдэд оролцсон баг тамирчдад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардуулжээ.

