Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын баярын жагсаалд алхана

Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатарын цагаар өнөөдөр 15.00 цагт эхэлнэ.

Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргизстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцох юм. Монгол Улсын Зэвсэгт хүчий цэргийн алба хаагчид ОХУ-д дөрөвдүгээр сарын 25-нд очиж, Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан, Туркменистаны цэргийн багтай байрлан бэлтгэлээ хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй салааны бүрэлдэхүүн ОХУ-ын хүндэт харуулын салааны хамт өчигдөр оролцсон юм.

Энэхүү жагсаалд оролцох дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан командлах бөгөөд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2 багтжээ. Үүнээс ёслолын жагсаалд 75, бэлтгэн оролцуулах удирдлагын бүлэг таван хүнтэй байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.