Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Түвшин бусад 41 гишүүдийн хамтаар боловсруулаад буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) өргөн барилаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, З.Мэндсайхан, Г.Уянгахишиг, Ч.Лодойсамбуу, А.Ганбаатар, П.Ганзориг болон Г.Очирбат гишүүдийн төлөөллүүд байлцав.

Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтүүд :
1.Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

2.Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

3.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор өөрчлөлтүүдийг оруулжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд дээрх нэмэлт өөрчлөлт орсноор:

“Иргэн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдэх олон эерэг үд дүн гарах юм” гэж УИХ-ын гишүүн Б.Түвшин онцлов.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.