“Олон улсын сувилагчдын өдөр” өнөөдөр тохиож байна.
Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Сувилагчдын өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч бий гэсэн албан бус тоо бий. Энэ өдөр бол сувилагч нараараа бахархах, тэдэнд талархах өдөр юм.
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан аж.
Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрддэг.
