Архангай аймаг олон улсын жишигт нийцсэн шүүхийн шинэ барилгатай болно

Архангай аймаг олон улсын жишигт нийцсэн шүүхийн шинэ барилгатай болно.

Архангай аймаг орон нутгийн шүүхүүдээс улсын хэмжээнд 2 дахь орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байна.

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар нь аймгийн Засаг даргын тамгын газрын барилгын зүүн жигүүрт 1992 оноос хойш шүүхийн үйл ажиллагаа явуулж ирсэн.

Шав тавих үйл ажиллагаа энэ сарын 11-ний өдөр болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нээж, Монгол Улсын хэмжээнд нийт 88 шүүх, 40 шүүхийн тамгын газар 40 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн тамгын газар өөрийн байргүйн улмаас банкны, цэргийн ангийн, зах худалдааны төвийн болон бусад зориулалтаар барьсан шүүхийн стандартад нийцэхгүй барилга байгууламжид шүүх,эрх мэдлийн байгууллага ажлаа эрхэлж байгааг онцлов.

Шинээр барих шүүхийн байр нь 3175 м.кв талбай бүхий дөрвөн давхар. Барилгын ашигтай талбай нь 2952 м.кв. 1-р давхрын өндөр 4.2 метр, 2-4 давхрын өндөр 3.9 метр.

Доторх зохион байгуулалтын хувьд шүүгч, шүүгчийн туслахын нийт 28 өрөөтэй, шүүх хурлын 5 танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын 1 өрөө, шүүхийн тамгын газрын ажилчдын 9 өрөө, сургалтын 2 танхим, 1 уулзалтын танхим, номын сан, чийрэгжүүлэх танхимуудтайгаас гадна хүүхдийн болон гэрч тусгаарлах, хэргийн материалтай танилцах, эд мөрийн баримт хадгалах, 10 хүний багтаамжтай түр саатуулах, архивын зэрэг өрөөнүүдтэй, 8 авто машины зогсоолтой,  архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй барилга юм.

Тус шүүхийн барилгыг орон нутгийн “Эсгэл” ХХК 8.0 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барих бөгөөд 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад өгнө.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.