Хоёр жил тутамд зохион байгуулдаг хөнгөн атлетикийн ДАШТ Японы Токио хотод есдүгээр сарын 13-21-нд болно.
Энэхүү тэмцээнд зөвхөн оролцох стандарт биелүүлсэн болон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны чансаагаар тодорхой квотод багтсан тамирчид л оролцох боломжтой. Манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од марафон гүйлтийн төрөлд оролцох эрхээ хамгийн түрүүнд авчээ. Энэ төрөлд оролцох стандарт нь 2:06:30 цагийн үзүүлэлт бөгөөд дэлхийн чансааны эхний 100 тамирчин оролцох квоттой.
44 нас хүрч буй тэрбээр зургаан олимпод марафон гүйлтийн төрлөөр оролцсон цор ганц тамирчин юм. Тэгвэл түүний хувьд 12 дахь удаагаа ДАШТ-д уралдах гэж байна. Ингэснээр марафон гүйлтээр ДАШТ-д хамгийн олон удаа оролцсон тамирчин болох юм.
