Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцын санаачилгаар ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Хот байгуулалтын салбар болон Япон улсын Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхим хооронд оюутан солилцох болон хамтарсан судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг (MOU) байгууллаа.
Санамж бичигт Монгол талаас “Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургуулийн Хот байгуулалтын салбарын эрхлэгч профессор Э.Пүрэв-Эрдэнэ, Япон талаас Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн профессор Акито Мураяама нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Санамж бичиг байгуулснаар бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцоо, багш, судлаачдын хамтарсан судалгаа, сургалт, дадлага, семинар, олон нийтэд зориулсан үзэсгэлэн, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ. Мөн хоёр орны хотуудын жишээн дээр суурилсан судалгааг хамтран хэрэгжүүлэх, бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоод, иргэдийг хамарсан төсөл санаачлах, хамтарсан боловсролын хөтөлбөр боловсруулах талаар санал солилцох суурь тавигдаж байгаа аж.
