УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр, УИХ-ын ээлжит бус чуулганаар гаргасан шийдвэрүүд, Засгийн Газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ирэх оны төсвийн төслийн талаар товч танилцуулга хийж, байгууллагын удирдлагуудын санал хүсэлтийг хүлээн авлаа.

Тус аймгийн удирдлагуудаас ирсэн саналд:

  • Арвайхээр суманд 2,4,8,12 дугаар цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Бага ангийн багш нарын хүрэлцээ муудаж байгаад анхаарах,
  • Инженерийн дэд бүтэцтэй холбоотой үйл ажиллагааны зардал хүндрэлтэй байдаг болон төсөвт байгуулагуудад шаардлагатай их засварын зардлыг нэмэгдүүлэх,
  • Шинэ барилга байгууламжийн зураг, төсөв хийлгэхэд үүсдэг хүндрэлийг шийдвэрлэх,
  • Эрхзүйн орчныг сайжруулах үүднээс төрийн байгууллага төрдөө НӨАТ төлдөг тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт тавигддаг тусгай шаардлага хүндрэл үүсгэж байгааг залруулах зэрэг ажлууд тусгагдсан байна.

Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогооны төв болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж санал, хүсэлтийг нь сонсоход:

  • Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд цахим залилан ихээр нэмэгдэж, улмаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч үр дүн төдийлөн муутай байгаа,
  • Бүсийн оношилгооны төвд 560 орчим эмч албан хаагчид ажиллаж байна. Цаашид их засвар шийдвэрлэх болон MRI зэрэг тоног төхөөрөмжтэй болох шаардлагатайг уламжилсныг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.