Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш Вьетнам Улстай энэ онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг дурдан, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өнгөрсөн хугацаанд амжилттай өргөжин бэхжиж ирснийг онцоллоо.

Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Вьетнам Улсаас Монгол Улсад дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргах, энэ хүрээнд соёл, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг хоёр орны хооронд олон салбарын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар мөн санал солилцлоо.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.