Давсаг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг АНУ-ын эмч нар хийжээ

Хүнд давсаг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг АНУ-ын эмч нар амжилттай хийжээ.

Уг мэс заслыг АНУ-ын Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн дэргэдэх Рональд Рейганы нэрэмжит эрүүл мэндийн төвд (UCLA Health) энэ сарын 5-нд 41 настай, дөрвөн хүүхдийн аав Оскар Ларраинзар гэдэг өвчтөнд хийжээ. Тэрбээр хорт хавдрын улмаас хоёр бөөр болон давсгаа авхуулсан бөгөөд долоон жилийн турш диализ эмчилгээ хийлгэсэн аж.

Давсаг шилжүүлэн суулгах шинэ аргыг дөрвөн жилийн турш боловсруулсан Нима Нассири, Индербир Гилл эмч нар мэс заслыг хийжээ.

Найман цаг үргэлжилсэн мэс заслын явцад өвчтөнд нас барсан нэгэн донороос авсан бөөр болон давсгийг зэрэг шилжүүлэн суулгажээ. Шилжүүлэн суулгасны дараа бөөр шууд ажиллаж, ялгарсан шээс шилжүүлэн суулгасан давсаг руу орж байжээ. Хагалгааны дараа диализ эмчилгээ хийх шаардлагагүй болж, өвчтөний биеийн байдал сайжирч эхэлсэн байна.

Өмнө нь давсаг шилжүүлэн суулгах мэс засал нь аарцгийн нарийн төвөгтэй судасны бүтэц болон техникийн хүндрэлүүдээс шалтгаалан боломжгүйд тооцогддог байв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.