Төрд байгаа их өгөгдөлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх, үүний дотор төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү төрийн 691 нээлттэй өгөгдлийг нийтэд ил болгох жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа. Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой мэдээлэл юм. Төрд буй өгөгдлийг ил тод болгож, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулснаар иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх, бизнесээ хөгжүүлэх их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий болно. Ингэснээр төрийн үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоо, хяналт нэмэгдэх, төрийн шийдвэр ил тод, нээлттэй болох нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн, төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өндөр технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ЦХИХХЯ мэдээлжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.