Удахгүй Эх үрсийн баяр болох гэж буйтай холбогдуулан дэлгүүрийн лангууг өнгө өнгийн амттан дүүрэн ууттай бэлгүүд дүүргэсэн харагдана. Томчууд хүүхдүүдээ баярлуулах гэж тэдгээр ууттай бэлгээс сонголт хийдэг. Тэдгээр уутанд ихэвчлэн ундаа, чипс, шоколад, төрөл бүрийн чихрүүд, заримд нь бүр “Хятадын хог” байх нь ч бий. Гэхдээ хүүхдээ баярлуулах тэдгээр бэлгүүдийн ихэнх нь хүүхдэд нэмэр бус нэрмээс болдог. Учир нь, нэг уут бэлгэнд ойролцоогоор 36-72 ширхэг ёотонтой тэнцүү хэмжээний сахар агуулдаг аж. Төсөөлөөд үз дээ, та нэг дор 72 ширхэг ёотон идэж чадах уу? Тэгвэл таны хүүхэд нэг өдөрт ийм хэмжээний сахар хэрэглэх гэж байна.
ДЭМБ-ын зөвлөснөөр хүүхдийн хоногт хэрэглэх сахарын дээд хэмжээг:
4–6 настай хүүхэд 19 гр, 7–10 настай хүүхэд 24 гр, 11-ээс дээш настай бол 30 гр гэж заасан байдаг. Тэгэхээр нэг уут бэлгэнд зөвлөсөн хэмжээнээс 3–6 дахин их сахар агуулдаг гэсэн үг юм.
Гоё ганган сав баглаатай чихэр, амттан дотроо юу агуулдаг, хүний биед яаж сөргөөр нөлөөлдгийг бид үнэндээ тоодоггүй. Тоосон ч нэг их ойшоодоггүй. Хэт их чихэр хэрэглэхийн зарим сөрөг нөлөөг танилцуулбал:
1. Шүдний асуудал үүсэх – Чихэр нь шүд хорхойтох гол шалтгаан болдог. Ялангуяа наалдамхай, хатуу чихэр нь шүдэнд удаан наалдаж, бактерийн өсөлтөд нөлөөлнө.
Эрт илрүүлгийн үр дүнд хийсэн судалгаагаар, 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлж байна.
2. Цусны сахарын хэлбэлзэл – Хэт их сахар агуулсан зүйл идвэл хүүхдийн биед огцом энерги өгч, цусны сахар огцом нэмэгдэж, ядрах, уурлах, хэт хөдөлгөөнтөх, анхаарал сарних зэрэг шинжүүд илэрдэг.
3. Жингийн илүүдэл ба таргалалт – Давтамжтайгаар их чихэр хэрэглэх нь мэдээж хүүхдийн жинг нэмэгдүүлж, таргалалт үүсгэнэ.
2024 оны судалгаагаар, ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6% илүүдэл жинтэй байгаа нь тогтоогдсон.
4. Хоолны дуршил буурах – Чихэр их хэрэглэснээр хүүхэд хоолноос татгалздаг. Таны хүүхэд хоолоо идэхгүй байх тохиолдлууд цөөнгүй гарч байсан биз. Тэгвэл энэ бүхэн чихэртэй холбоотой байх нь.
5. Хорт зуршил үүсэх – Сахар нь донтуулагч чанартай тул хүүхэд чихэр идэхгүй байвал дутуу мэт мэдрэмж төрдөг.
Тэгвэл Хүүхдийн баяраар бяцхан үрсдээ ямар бэлэг сонгох вэ?
- Мэдээж амттанг орхиж болохгүй, гэхдээ эрүүлийг…
Бүх төрлийн жимс, нэмэлт сахаргүй жимсний нухаш, самар, тараг эсвэл гэртээ хийсэн амтат жигнэмэг байж болно.
- Ном, тоглоом
Хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлог, сонирхолд тулгуурлан ном бэлэглэх нь хамгийн ухаалаг бэлэг юм. Мөн бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх лего, эвлүүлдэг тоглоом, буддаг ном, будгийн хэрэгслээс сонгоорой. Мэдээж хүүхэд бүр тоглоомд дуртай шүү дээ. Ямар тоглоом бэлэглэж тэднийгээ баярлуулахаа эцэг эхчүүд та бүхэн сайн мэдэж байгаа биз.
- Гар урлалын бэлэг
Гар хийцийн тоглоом эсвэл даавуун хүүхэлдэй их нандин бэлэг болно. Мөн хүүхдийн бүтээл хийдэг сет, шавар баримал, наамал гээд юу ч байж болно. Хүүхдүүд үнэтэй, тансаг зүйлд баярлахаас илүү сэтгэл шингэсэн, “хөөрхөн” зүйлд баярлана гэдэгт итгэлтэй байна.
- Хамгийн том бэлэг бол анхаарал халамж, хайр юм.
Ганц өдөр хүүхдүүддээ бүтэн анхаарал, цаг заваа зориулж, тэднийхээ хэлснийг сонсож, хамтдаа тоглож наадах нь юу юунаас илүү хамгийн том бэлэг юм. Хүүхдэд ээж, аав нь л хамгийн чухал, хэрэгтэй хүн нь байдаг шүү дээ. Тиймээс үрсдээ “хайраа” бэлэглээрэй.
