НИТХ-ын 2020-2024 оны бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж, өчигдөр хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа зохион байгууллаа.
Хуралдаанд Хурлын төлөөлөгчид, энэхүү бүрэлдэхүүнд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид, Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүхий хүндэт зочид оролцов.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дөрвөн жилийн үйл ажиллагааг дүгнэж, “Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчин бүрдсэнээр хотын иргэд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, алдагдсан газруудаа эргүүлэн олж авлаа. Туул, Сэлбэ голын эхээ, Хүүхдийн паркаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгээ Нийслэл хот, Нийслэлийн иргэддээ буцаан авлаа. Эргүүлэн олж авсан орон зайн дээр ногоон орчин, явган зам, тоглоомын талбай, авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөх болно. Газар өмчлөх, ашиглах эрх зүйн орчныг эрүүл зөв болгох багц дүрэм журмыг хэлэлцэн баталсан. Хараа хяналтгүй, эмх замбараагүй, дур дураараа газар олгож ирсэн журамгүй байдлыг журамлав. Газар олгох үйл явцад иргэний шууд хараа хяналт тогтлоо.
Бид нийслэлийн хэмжээнд мөрдөх 15 бүлгийн 52 стандартыг баталсан. Нийслэлд 74 чиглэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ийш тийш явахгүйгээр гар утаснаасаа ганц хоёр товшиж хүсэлтээ илгээгээд, шууд ажлаа эхлэх боломж ердийн хэм хэмжээ боллоо. Нийслэл хот хөгжлийн шинэ загвар, улс орны хөгжилд хүлээх үүргээ шинээр тодорхойлохдоо УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажилласнаар өнгөрсөн 30 жил Улаанбаатарт улсын төсвөөс зарцуулснаас хоёр дахин их хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн жилд хийх гэж байна. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Шинэ Улаанбаатар” зорилтын хүрээнд метро, дагуул хотууд, дэд төвүүд, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтууд өрнөх болно” хэмээн дурдлаа.