УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг НДШ, Татвар, Зээл авахтай холбоотой асуудлаар талуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ТББ-ын төлөөллүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох мэргэжилтнүүд оролцож санал солилцов.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
“УИХ-ын гишүүний нэг чухал үүрэг бол хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн санал бодлыг төрийн байгууллагад уламжлах юм. Удахгүй хэлэлцэгдэх Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд ямар өөрчлөлтийг оруулбал зохих, яаж зохицуулах талаар мэргэжлийн хүмүүс болон иргэдийн дундаас гарсан саналыг уламжлахаар энэхүү уулзалтаа хийж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “заавал ийм байна” гэсэн ангилал руу аваачиж, сонголт өгөхгүй байгаа нь Нийгмийн даатгалын тал дээр асуудал үүсэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлт авсныхаа төлөө эргээд НД-ын сангаас олддог бусад боломжуудыг авч чадахгүй байна. Жишээлбэл, ХБ хүн Нийгмийн халамжийн сангаас Тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг ч хөдөлмөр эрхэлж НДШ төлөөд байхад үр ашгаа хүртэж чадахгүй, бусад боломжууд нь үгүйсгэгдээд байна. Бидний зүгээс уян хатан зохицуулалтыг гаргаач ээ гэсэн санал тавьж байна. ХБ иргэн хөнгөлөлттэй нөхцөл рүү ороод НД-ын сангаас олгогддог боломжийг авахгүй байх, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөө болиод бусад НД-ын сангаас олгогддог боломжийг авъя гэсэн сонголт, хувилбар байх хэрэгтэй.
Мөн, ХБ иргэн ажилгүй болох эрсдэлтэй байдаг. Орчны байдал, хүртээмж, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалж нэг газраа удаан ажиллаж чадахгүй байгаа. Гэтэл энэ хүмүүст Ажилгүйдлийн тэтгэмж гэдэг зүйл олдохгүй байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж НД-ын сангаас олгогддог зүйл. НДШ төлөөд 1-2 жил ажил хийсэн байтал энгийн хүмүүсийн адил 3 жил ба түүнээс дээш хугацаанд НДШ төлөөгүй учраас асуудал үүсээд байгаа юм. 18 нас хүрэхээс өмнө бэрхшээлтэй болсон хүмүүсийн хувьд энэ асуудал бүр хэцүү болчхоод байгаа. Энэ мэтчилэн хуулиар л зохицуулахгүй бол болохгүй асуудлууд олон байна.
Дараагийн асуудал нь татварын хөнгөлөлтүүд. Жишээлбэл, ХБ-тэй иргэн өөрөө явж чадахгүй байгаа учраас автомашин хэрэглэж байна. Машины татварын хөнгөлөлт байдаг ч тусгай тоноглолтой машин гээд заачихсан. Гэтэл тэр машин нь их үнэтэй байна. Үүн дээр олон улсын ямар сайн жишгүүд байгааг судлахаар сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг хийж байна.
Зээл тусламжийн тухайд, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хөдөлмөр алдалтыг 50-69 хувь, 70-аас дээш хувь гэж 2 ангилж байна. Зөвахөн хоёр дахь ангилалд орсон иргэд Боловсролын зээлийн сангаас дэмжлэг авна гэж тусгасан. Гэтэл хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байна уу, 20 хувь алдсан байна уу ялгаагүй л амьдралын хүнд хэцүү зүйлийг туулж яваа. Хөдөлмөр алдалтыг тооцож буй хувьтай холбоотой энэ мэт олон асуудлууд хөндөгдөж байна” гэв.


