Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянга орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн баярыг угтаж, төв талбайн цэцэрлэгжүүлэлтээр уг ажил эхэлжээ.
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Тус байгууламжуудад Мандарваа, Хун, Хилэн зэрэг цэцгүүдийг сонгосон. Иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна” гэв.
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилготой юм. Хийцлэлийн хувьд Мазаалай, Бөхөн, Үхэр тэрэг, Оньс, Эрхийн мэргэн, Тахь, Мөнгөн зэрэг сэдвүүдтэй цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байна.

