Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,  “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй ажиллаж байснаа одоо ч үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөтгөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025- Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод”  чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.

Бан Ги Мүн, “Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлж, чуулга уулзалт зохион байгуулж байгаад талархлаа. Бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дэмжиж, үлгэр дуурайл авч, улам идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Бан Ги Мүн” сан цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 180 сая төгрөг хандивлаж байгаа бөгөөд цаашид үндэсний хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хөдөлгөөн болгох санаачилга дэвшүүлж, хамтарна гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.