Дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг нээв

Энэтхэгийн хойд хэсгийн Жамму ба Кашмир мужид Чинаб голын дээгүүр тавьсан дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрний зорчих хөдөлгөөнийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди албан ёсоор нээжээ. 

“Чинаб голын дээгүүр тавьсан энэхүү гүүр нь Жамму ба Кашмирыг Энэтхэгийн бусад нутагтай төмөр замаар холбож байгаа бөгөөд бүс нутгийн тээврийн дэд бүтэц болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно. Энэ бол Энэтхэгийн ард түмний эв нэгдэл, хүсэл зоригийг илтгэсэн агуу үйл явдал юм” хэмээн Ерөнхий сайд Нарендра Моди нээлтийн ёслолын үеэр мэдэгджээ.

Энэхүү гүүр голын голдирлоос дээш өндөр нь 359 метр бөгөөд улирлаас шалтгаалан өөрчлөгддөг усны дундаж түвшнээс тооцвол 322 метрээс доошгүй өндөр ажээ. Эдгээр үзүүлэлт нь уг гүүрийг дэлхий дээрх хамгийн өндөр төмөр замын гүүр болгож байгаа юм.

Уг гүүрийг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч коронавирусний цар тахал зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас барилгын ажил саатаж, хойшилжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.