Монголын шатарчид Лондон хотыг зорилоо

Английн Лондон хотод 2025 оны багийн Дэлхийн түргэвчилсэн болон түргэн  тоглолтын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.

Долоо хоног үргэлжлэх ДАШТ-ий блиц болон рапидын төрөлд тус бүр 54 багийн шилдгүүд өрсөлдөх юм. Тус тэмцээнд Монголоос гурван баг оролцохоор өнөөдөр Лондонг зорьж байна. Тэмцээнд оролцох манай багийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ахлах бөгөөд үндэсний шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөх аж. Тэмцээнд оролцогч багийн бүрэлдэхүүнд нэг тамирчин нь FIDE чансаа 2000-аас доош байх шаардлагатай тул Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, AIM (Arena International Master) цолтой Г.Занданшатар энэ нөхцөлийг хангаж, тэмцээнд оролцох боломж бүрдсэн байна.

Шигшээгийн нэгдүгээр багт олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, их мастер Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, ФИДЕ мастер С.Чингүүн, Д.Амарбат багтжээ.Тэгвэл шигшээгийн хоёрдугаар багийг их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер Н.Содбилэгт, кандитат мастер Б.Мөнгөнзул, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар болон Г.Энхбаяр нар бүрдүүлжээ.  Харин “Mongol Z” баг их мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер Х.Итгэлт, Ретварс Реймэнис, ФИДЕ мастер С.Чингүүн, Б.Ану, Х.Өлзийхишиг, мөн Кристиан Араяа нарыг эгнээндээ нэгтгэв. Тэд дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн удирдлагад өрсөлдөх ажээ.

Энэ сарын 11-нд нээлтийн ёслолоос гадна түргэвчилсэн тоглолтын эхний дөрвөн өргийн тоглолт болно. Харин 12, 13-нд 5-12 дугаар өргийн тоглолт болж аваргууд тодрох бол 14, 15-нд түргэн тоглолтын шилдгүүдийг тодруулж, хаалтаа хийх хуваарьтай байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.