Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ?

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд бүх нийтээр амарна гэж тусгасан.

Энэ жил зуны тэргүүн сарын шинийн арван таван зургаадугаар сарын 11-ний лхагва гарагт тохиож буй бөгөөд “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэх юм.

Зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхцан тохиодог бөгөөд уг өдрийг “Бурхан багшийн Их дүйчин” өдөр хэмээдэг.  

Энэ оны Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэрхэн өнгөрүүлэх тухай “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу дараах зөвлөгөөг өглөө.

Тэрбээр, Дүйчин өдөр үйлдэж болох олон буян, дагаж мөрдөж болох олон зүйл бий. Надад хамгийн түрүүнд санаанд орж буй зүйл бол сүсэгтэн та дүйчэн өдрийн өглөөний нар мандахаас жаргах хүртэл бусдыг битгий гомдоогоорой. Аль болох өөрийнхөө сэтгэлийг анзаарч, ууртай холбоотой бүхий л төрлийн сэтгэл хөдлөл төрвөл даруйд нь таньж мэдэж зогсоогоорой. Уур бухимдлын эсрэг энэрэл нигүүслийг төрүүлээрэй. 

Бурхны шашинд уурыг нисванис болгоноос хамгийн их хор хөнөөлтэй гэдэг. Уур төрсөн даруйд өмнө нь хураасан олон буяныг шатаадаг гэж үздэг учир уурыг тухайлан анхаарч, хорих тэвчих, магадгүй нэг өдөр дотоод сэтгэлээ анзаараад үз.

Уурыг төрүүлэхгүйг хичээж бусдыг хүндэлье, бусдыг энэрэн нигүүлсье, бусдад амар амгаланг өгцгөөе.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.