Эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Ерөнхий сайд Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаж, хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан, хэрэгжиж эхлээд байна. Хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн 14 реформыг хийхээр төлөвлөж, ойрын хугацаанд эрчим хүчний реформ хийнэ. Үүнд мэргэжлийн экпертүүдийн дэмжлэг хэрэгтэй тул Дэлхийн банктай хамтарч ажиллах саналаа илэрхийллээ.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтын үеэр хамтарсан Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж, түгжрэлийг багасгахад анхаарч ажиллана. Энэ зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд  дагуул хот байгуулах бүтээн байгуулалтын ажилд Дэлхийн банктай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн банк хамтарсан Засгийн газрын зорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, тэр дундаа эрчим хүчний реформ, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг сайжруулахад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьж байгааг Дэлхийн банкны төлөөлөл сайшааж хүний нөөц, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад хамтарч ажиллах боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран ажиллах цогц төлөвлөгөөг гаргах нь зүйтэйг дурдав.
Мөн хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа талууд онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.