П.Мөнхтулга: Өмнөх улс төрчдийн гаргаж буй шийдвэр намайг улс төрд хөл тавихад хүргэсэн

  “Тэр л би” нэвтрүүлгийн ээлжит дугаар Архангай аймгийн Булган уулын энгэр бэлээс хүрч байна. Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Пүрэвбаатарын Мөнхтулга уригдан оролцлоо.

Та Архангай аймгийн унаган хүүхэд. Энэ сайхан нутагтаа тоглож наадаж өссөн биз. Бага насныхаа дурсамжаар аялбал.

Би эмээтэйгээ хамт малчны хотонд өссөн. Аав ээж хоёр минь 8-р ангиа төгсөөд Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд танилцаж байсан юм. Би чинь Батцэнгэлд үйлдвэрлэгдсэн хүн \инээв\. Аав, ээж оюутан байсан учраас би Архангай аймгийн Өгий нуур суманд эмээгийндээ морь унаж, мал хариулж өссөн. Оюутан ахуй насандаа аав ээж хоёр ажил хийдэг байсан. Ээж хүнсний технологич, аав дулааны инженер мэргэжилтэй. Ээж талх чихрийн комбинатад, аав 3-р ДЦС-т ээлжийн ажилтан байсан учраас намайг харах хүн байхгүй, том болтлоо эмээ дээрээ өссөн. Сахилгагүй байсан юм уу, өмөөрөх хүнгүй учраас юм уу их загнуулдаг, бүх л зүйлд зарагддаг. Тэгж өссөнийх хүний арга эвийг олж сурсан. Би чинь айлын том, 2 дүүтэй.

Хүүхэд насныхаа мөрөөдлөөр амьдарч байсан бол өдийд ямар мэргэжилтэй, ямар хүн байх байсан бэ?

Багадаа эмч болохыг хүсдэг байсан. Аавын талынхан тэр чигээрээ эмч нар. Өвөөг минь Өлзийхутаг гэдэг, мэдрэлийн мэс засалч хүн байсан. Эмээг минь Буянжаргал гэдэг, хүүхдийн их эмч байсан. Сум дундын эмч учир эмээ дуудлагаар их явна. Би чинь хоёр эмээ дээрээ ээлжлэн, Өгий нуурт мал маллаж, Тариатын Суман голын эрэг дээр тоглож өссөн. Буянжаргал эмээ 4, 5 сумын дунд дуудлагаар явахад эмнэлгийн машины кабинд л хамт явдаг байлаа. Эмээг хүмүүст тусалж, хүүхдийнх нь амь настай холбоотой асуудлыг шийдээд өгөхөд хүмүүс маш их талархдагийг хараад ямар буянтай ажил вэ гэж боддог байсан. Харин сургуульд ороод эмчийн цалин бага, их эмч болохын тулд 10 жил сурах шаардлагатай гэдгийг ойлгоод амьдралын шаардлагаар өөр сонголт хийсэн нь олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжил. Дараа нь, хууль мэдэхгүйгээр бизнест ч, улс төрд ч аливаа карьер явах боломжгүй гэдгийг ойлгож МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн.

Монголын бизнесменүүд ямар замаар явж ирсэн түүний л адил явсан.

Гарааны бизнест эрт хөл тавьсан гэж сонссон. Анхны бизнесийн түүхээсээ хуваалцвал.

8-р ангид байхдаа гадаадын оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдаад, дунд сургуулиа АНУ-д төгссөн. Эндээс 8-р ангиа төгсөж яваад АНУ-д шууд 12-р ангид орох түвшин тогтоох шалгалт өгөөд тэнцчихсэн. Дунд нь 3 жил алгасаж, үсэрсэн. Ангийнхан надаас 4, 5 насаар ах, би ангийнхаа хамгийн жаахан нь. Тэр үед зүгээр суугаад байж болохгүй 5 дахь өдрийн орой, хагас, бүтэн сайнд хагас цагийн ажил хийдэг байсан. Аяга таваг угаагчаас зөөгч болж дэвшээд л. Хүүхэд л юм хойно эхэндээ цалингаараа пүүз зэрэг өөртөө юм авдаг байсан бол сүүлдээ мөнгөө цуглуулах ёстой юм байна гээд 2 жил шахуу хуримтлуулсан.

Тухайн үед хүүхдүүд ПС тоглоомд хошуурч байсан үе. Энэ бизнес ашигтайг мэдээд тоглоомын газар нээж байсан минь амжилттай болсон. Дараа нь Хонг Конг, Японоос хуучин машин зөөдөг байлаа. Барилгын салбар, дэд бүтцийн ажлууд руу орсон. Монголын бизнесменүүд ямар замаар явж ирсэн түүний л адил явсан.  Одоо бусад ажлуудаа орхиод улс төрд зүтгэж байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг санаачлан бий болгож байсан шүү дээ.  2019 онд ашиглалтад орсон билүү?

2019 онд бүтээн байгуулалт эхлээд 2020 оны эхээр ашиглалтад орсон. Хогийн цэг болчихсон, хүн явдаггүй газар байсан. Хавтгай модны рашаан энүүгээр урсаж байгаа. Ширгэчихсэн байсныг нь сувгийг нь хөөж, хогийг нь түүж цэвэрлээд урсдаг болгосон. Манай Архангайчууд хөрөнгөө нийлүүлж барьсан. Би зүгээр санаачилсан л хүн. Горхин дээр хийсэн 3 гүүрийг хандиваар барьсан. Саравч, модон эдлэлүүдийг Цэнхэр сумын Б.Бат-Эрдэнэ гэдэг залуу хандивласан. Явган хүний замыг хар багын найз Л.Бямбацогт минь машинаа зарсан мөнгөөрөө авч өгч байв. Ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг Аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Дэлгэрдалай, зам тэгшилгээг ИТХ-ийн төлөөлөгч Санжмятав хийж өгсөн. 

Screenshot

Хорих ангийн хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийж байсан гэсэн. Яагаад заавал хорих анги гэж?

“Гэрэлт амьдрал өөд” нэртэй төсөл л дөө. Зайсангийн насан хүрээгүй хүүхдүүдийн хүмүүжих анги, Мөнгөнморьт дахь насанд хүрэгчдийн хорих ангид төслөө хэрэгжүүлж, компьютерын лаборатори, номын сан байгуулж өгсөн. Нэг жил тэндээ компьютер сурч, номоо уншаад гарч ирсэн хүмүүсийн дунд эсээний уралдаан зохион байгуулж, сэтгэл санаа хандлагынхаа хувьд хэр өөрчлөгдсөн бэ гэдгийг судалж үзээд 10 хүнийг ажлын байртай болгох төсөл юм.

Ял эдэлсэн хүнийг нийгмийн амьдралд оролцоход ялгаварлан гадуурхсанаас болж эргээд нөгөө хүн гэмт хэргийн ертөнц рүү орох магадлал өндөр байдаг. Тэдгээр хүмүүс эсээ бичиж, шалгаруулалтад оролцож байна гэдэг нь сэтгэл санааны хувьд засарч, амьдралыг өөрөөр харж байгаа  гэсэн үг. Ном уншуулах дадал үүсэхгүй эхлээд хэцүү байсан. Харин тэр үед сонирхолтой гэсэн номуудыг Ардын жүжигчин, МУГЖ Г.Равдан гуайгаар уншуулж аудио хэлбэрээр ангиудын коридороор тоглуулдаг болсон. Яг сонирхолтой хэсэгт нь таслаад “Үргэлжлэлийг номын сангаас уншина уу” гээд ном унших дадал үүсгэсэн. Г.Равдан гуайгаар уншуулсан номууд бүгд элэгдээд халтайчихсан байдаг.

Хангайн бүсээс 1000 оюутныг гаднын улсуудын Засгийн газрын тэтгэлгээр сургах хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна.

Сүүлийн үед Архангай аймаг залуусын хот болж байна. Удахгүй хөгжлөөрөө түүчээлэх байх гэж харж байна. Таны хувьд?

Манай Хангайн бүс хөгжлөөрөө түүчээлнэ. Архангайчууд оюуны бяд ихтэй хүмүүс. Улсын хэмжээнд доктор, академичдын тоогоороо тэргүүлдэг. Заян хүрээ, Тариатын хүрээ, Ламын хүрээ гээд гурван гэгээнтний нутаг.  Манай хангайн бүсэд Төвхөн хийд, Хархорин, Эрдэнэзуу хийд гээд олон хүрээ хийдүүд бий. Үүний залгамж түүчээ болгоод хангайн бүсээс 1000 оюутныг гаднын улсуудын Засгийн газрын тэтгэлгээр сургах хөтөлбөр  санаачилж байгаа. Би “Мөнхтулга сан”-гаараа дамжуулан залуучуудын спорт, урлаг, боловсролыг дэмждэг. Энэ хүрээнд нэг аймгаас 333 хүүхдийг сургана. Эхний ээлжид сурагчид нэг жил бэлдээд шалгалтаа өгч, тэнцсэн хүүхдүүд тэтгэлгээ хүртээд, тэнцээгүй хүүхдүүдээ тэнцтэл бэлдээд,  1000 хүүхдээ бүгдийг нь тэтгэлэг авхуулах зорилготой байна.

Хүүхдүүдийн мэргэжил сонголт 10, 11-р ангиас эхэлж байгаа. Мэргэжлээ сонгохдоо 4 жил сураад, ажлын туршлагатай болох хүртэл 5-8 жилийн дараах хөдөлмөрийн зах зээлийг харах шаардлагатай болно. Жишээ нь, график дизайнер гэдэг мэргэжил хиймэл оюун ухаанаар орлуулаад байхгүй болох нөхцөл үүсэж байна.

Тамирчид харвахад нүднийх нь  өмнө дэлхийн хамгийн том олимпын цагариг байвал олимпын сэтгэл зүйтэй болох юм байна гэж бодсон.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн том олимпын цагариг бий. Тэр цагаригийг яагаад бүтээх болов? Нэг ярилцлагадаа Эрдэнэболд гэдэг найзтайгаа хоол идэж суухдаа эх орноос минь олон олимпын аварга төрөхийг бэлгэдэж санаагаа гаргаж байсан гэсэн. Тэр Эрдэнэболд нь одоогийн УИХ-ын гишүүн мөн үү?

Мөн. Бид хоёр Байт харвааны холбооны хоёр дэд ерөнхийлөгч байсан юм. Байт харваагаа яаж олимпын аваргатай болгох вэ гэж ярьж сууж байгаад, тамирчдын сэтгэл зүйд нөлөөлсөн том төсөл хэрэгжүүлье гэж шийдсэн. Тамирчид харвахад нүднийх нь  өмнө дэлхийн хамгийн том олимпын цагариг байвал олимпын сэтгэл зүйтэй болох юм байна гэж бодсон. Олимпын цагариг барихдаа дэлхийн хамгийн томыг бариад Гиннесийн номд оруулчихвал яасан юм гэж ярьцгаасан. Хамгийн том цагаригийг 2012 онд Лондоны олимпоор Таймс мөрний Лондон гүүрний орой дээр залж байсан юм билээ. Тэрнээс 2 дахин томыг барина гээд 6 давхар байшин шиг цагаригийг олон нийтийн хандиваар барьсан. 300-400 сая төгрөгийн хандивыг 7 хоногийн дотор босгосон. Сошиалаар хандив босгож байсан анхны төслүүдийн нэг. Монгол дэлхийн хамгийн том эзэнт гүрэн үү, Англи хамгийн том эзэнт гүрэн үү гэдэг түүхийн маргаан явдаг шүү дээ. Англичууд дэлхийн хамгийн том олимпын цагаригаа төсвийн мөнгөөр барьсан. Монголчууд тэгвэл төсвийн мөнгөөр бус өөрсдийн мөнгөөр түүнээс томыг барьж чадна гэсэн амбицтай байсан.

Улс төртэй холбогдсон түүхээсээ хуваалцаач.

Өмнөх улс төрчдийн шийдвэрт их бухимддаг байлаа. Ингээд болгочих юман дээр яагаад хөдөлдөггүй юм бол, яагаад сэтгэл гаргадаггүй юм бол гэсэн бодол байсан. Би өөрөө нэг оролдоод үзвэл болчих юм шиг.

Эхний ээлжид миний бие Монгол улсаа баялгийнхаа эзэн болгох зорилготой байна.

УИХ-ын гишүүн болоод улс төрд орлоо. Бодож төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх боломж харагдаж байна уу?

Болж байна. Жишээ нь, Оюутолгойн гэрээг ашигтай хийж болоогүй юм байхдаа… Үнэхээр Монголын тухайн үеийн улстөрчид, мэргэжилтнүүд Үндэстэн дамнасан корпорацтай мэдлэгийн хувьд тулж барахгүй байсан юм бол яагаад гаднын шинжээчдийг авч ажиллуулж болоогүй юм бол. Яагаад 2039 он хүртэл Монголчуудад ээлгүй хөрөнгө оруулалтын гэрээ баталчхав гээд маш их бухимдаж байсан. Дараа нь Ухаа худгийн асуудал байна. Яагаад нийт баялгийн 30 гаруй хувь нь УИХ-ын тогтоол, ЗГ-ын шийдвэргүйгээр хувийн компанид оччихов.  Таван толгойгоо бид бас тавиад туучих шахсан. Дээрээс нь Цагаан суваргын орд, Асгатын мөнгөний орд байна. Дахиад манай стратегийн 39 ордууд байна. Ямар ч байсан ашиглах боломжтой болсон энэ дөрвөн орд дээрээ зөв шийдвэр гаргая гээд УИХ-ын даргад уламжлаад, Энэ дөрвөн ордын хувь эзэмшлийг тогтоох ажлын хэсгийг байгуулж, ахлахаар нь  ажиллаж байна. Ингээд харахаар бидэнд боломж байдаг юм байна. Одоо Монголын ард түмэн баялгийнхаа эзэн болно. Ухаа худгаа хууль ёсных нь дагуу төрийн эзэмшил байх ёстойг нь тогтооно, Цагаан суварга дээр хэлэлцээр хийнэ, Оюу толгойн гэрээгээ ашигтай хувилбар луу оруулна, Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлээд төр 100 хувь эзэмшиж, үүнийхээ баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах болно. Эхний ээлжид миний бие Монгол улсаа баялгийнхаа эзэн болгох зорилготой байна. Баялгийнхаа эзэн болсны дараа түүнийгээ хэрхэн тэгш хуваарилах асуудал яригдана.

Манай хангайн бүсэд Монголын нийт хонин сүргийн 40 хувь бий. Эхлээд хонины ноосоо боловсруулдаг болъё.

Гэхдээ уул уурхайн баялаг бол дуусдаг. Хэзээ нэг өдөр дуусна. Харин Монголчуудын дуусдаггүй баялаг бол хөдөө аж ахуй. Хангайн бүсийн хувьд МАА-н нутаг шүү дээ. Энэ бүс нутгийн төлөө та юу хийж чадах вэ­?

Манай хангайн бүсэд Монголын нийт хонин сүргийн 40 хувь бий. Эхлээд хонины ноосоо боловсруулдаг болъё. Үүгээрээ дэлхийд хамгийн өндөр үнэтэй зарагддаг органик   бордооны үйлдвэр барья. Арьс ширний үйлдвэр барих тал дээр ХХААХҮ-ийн сайдтай их муудаж байна. Жил жилийн төсөв дээр хоосон тавьж байгаа.

Биднийг хүүхэд байхад хонины өлөн, арьс шир үнэтэй байсан. Одоо үнэгүйдчихээд байна.

Тэр үед урд хил нээлттэй байсан. Урдаас ченжүүд орж ирээд өлөн гэдэс авдаг байлаа. Тэр үед харин түүхий эд, арьс ширийг Монголдоо боловсруулна гээд хилээр боловсруулаагүй арьс шир гаргахыг хориглосон хууль баталсан. Тэгэнгүүт түүхий эд авдаг байсан ченжүүд авах боломжгүй болоод, арьс ширний үйлдвэрүүд нь ажиллаагүй дампуурчихсан. Ингээд боловсруулах үйлдвэргүй болж, арьс ширээ хог дээр хаясан. Дараа нь Дарханы арьс ширний үйлдвэр барина гээд барихгүй байсаар… Одоо хөрөнгө оруулалтыг нь хийгээгүй, дэд бүтцийг нь шийдээгүй байгаа үйлдвэр 2028 онд ашиглалтад орно гэдэгт эргэлзэж байна.

Эрх барьж байгаа, шийдвэр гаргах эрхтэй болчихсон ЗГ-ын сайд нар малчдаа бодохгүй бол ганц УИХ-ын гишүүн орилоод ямар ч нэмэр байдаггүй юм байна. Яагаад гэвэл төсвийг захиран зарцуулж байгаа хөрөнгө оруулалт оруулах эсэхийг шийдэж байгаа тэр хүн малчдаа гэхгүй бол УИХ-ын гишүүд хэчнээн орилоод хөдлөхгүй байгаа юм. Зөв хүнийг ХАА-н чиглэлд томилох хэрэгтэй.

“Улаанбаатараас унаган хангайд, малчны хотноос манай хотод” төслийн үр дүнд хотынхон эрүүл мах, цагаан идээг малчны хотноос шууд авах боломжтой.

Амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллах, хуулиудыг сурталчлан таниулах, малчдад тулгамдаж буй асуудалд санал хүсэлт сонсох, гаргалгаа хайх зэргээр ажиллаад явж байх шиг байна.

Одоо Архангай аймгийн Хайрхан суманд явж байна. Саяхан Хайрхан сум Сүхбаатар дүүргийн 1 болон 13-р хороотой мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, мөн өрхийн аялал жуулчлалын  гэрээ байгуулсан. “Улаанбаатараас унаган хангайд, малчны хотноос манай хотод” нэртэй төсөл юм. Архангай аймаг, Сүхбаатар дүүрэг хамтран туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа. Өмнө нь ийм төсөл хэрэгжиж байсан байх. Гэхдээ хэн нэгэн дарга тушаадаг байсан учраас бодит амьдрал дээр өдий хүртэл хэрэгжээгүй л байна. Энэ төслийн хувьд, амьдрал мэддэг хороон дарга, багийн дарга нар ямар зарчмаар хоорондоо ажиллахаа өөрсдөө сонгоно. Зүгээр нэг даргын тушаалаар биш. 200 багийн дарга, хороон дарга нараа уулзуулаад гэрээ хийлгэсэн. Хотод мах 26,000 төгрөг хүрч байгаа. Яг малчны хотонд 10,000 төгрөг байгаа. Малчин махаа 16,000 төгрөгөөр зарж, хэрэглэгч худалдан авч болно. Гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл тодорхой байх ёстой. Сумын төсөвтөө мал бойлох бой, вакумжуулдаг тоног төхөөрөмж зэргийг тусгаад өгвөл энэ бүх төсөл явах боломжтой. Багийн дарга нар мал тооллого, вакцинжуулалт гээд багийн өрхүүдийнхээ мэдээллийг сайн мэдэж байгаа. Хороон дарга, СӨХ-ийн дарга нар энэ долоо хоногт манайх 20 тонн мах авна гэхэд багийн дарга мотоциклтой давхиж цуглуулаад л хөргөгчтэй машинаар СБД- рүү аваачих ийм шийдэл юм.

Мөн  өрхийн аялал жуулчлалын гэрээ хийсэн. Бууцан дээр хүүхдүүд тоглоход харшилгүй болж байна. Хараа тэнүүн газар дэлгэцийн хэрэглээ байхгүй, нүдний хараа сайжирч байна. Зундаа сайхан эрүүл агаарт, эрүүл цагаан идээ, мах хэрэглэж, мал аж ахуйтайгаа ойрхон өсөх боломж байна.  Малчид илүү гэр бариад өрхийн тоогоор ор засаад л сая төгрөгөөр 7 хонуулах боломж бүрдэнэ. Бүр СБД-ийн хойд хэсгийн гэр хорооллынхон 2 тэрбум төгрөгийн модны  гэрээ хийсэн. Мөн СБД-т Цэцэрлэг сумын нэрийн дэлгүүр нээе гэх зэрэг олон ажлууд яригдаж байна. Энэ бүхэнд хэн нэгэн дарга хөндлөнгөөс оролцож тушаахгүй, талууд өөр хоорондоо гэрээ хийгээд явах юм.

УИХ-ын гишүүд шинээр орж ирж буй бүх хуультай нэг бүрчлэн танилцаж амждаг уу?

Ажлын албуудаараа дамжуулан танилцдаг. Бүх хуулийг нэг бүрчлэн уншаад сууж амждаггүй. 7 хоногт 4, 5 хууль батлагдах өдөр байна, хууль батлагдахгүй өдөр ч байна. 7 хоногт 1, 2 орж ирж буй хуулийг бүтэн уншиж чадна. Ажлын албаа маш сайн дайчилбал болохгүй юм байхгүй.

Нэг гупрны төлбөр авах гэсэн биш тэрнээсээ их зардал, цаг зарцуулдаг. Иймээс албан журмын даатгалд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.

Шинэ парламент байгуулагдаад хэдийнээ нэг жилийг ардаа үдэх гэж байна. Таны хувьд ямар хуулиуд дээр ажиллаж байна вэ? Бүрэн эрхийн хугацаанд ямар хуулиудыг өргөн барихаар төлөвлөж байна вэ?

Хамгийн өргөн хамрах хүрээтэй хууль баталъя гэж бодож байна. УИХ-ын гишүүн бол хаанаас сонгогдсон нь хамаагүй бүх ард түмний төлөөлөл. Монгол Улсад 1.1 сая жолооч байна. Хөдөө орон нутгийн ч бай, хотынх ч бай жолооч л бол албан журмын даатгал төлдөг. Гэхдээ эргүүлээд даатгалаасаа нөхөн төлбөр авъя гэхээр цагдаагийн тодорхойлолт, шуурхай алба, газраасаа хөдөлсөн байна, үнэлүүлээгүй байна зэрэг маш олон хүндрэл чирэгдэл болдог. Нэг гупрны төлбөр авах гэсэн биш тэрнээсээ их зардал, цаг зарцуулдаг. Иймээс албан журмын даатгалд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Одоо технологи хөгжиж, хүн бүр гар утас ашиглах боломжтой цаг үе. Гар утас ашиглах боломжгүй хүмүүс цаасан маягтаар, гар утастай хүмүүс 10 минутын дотор даатгалаа шийдүүлээд, 14 хоногийн дотор нөхөн төлбөр авах боломжтой болно. Нийт ослын 40 хувь нь араас нь мөргөх осол байдаг. Үүнээс болоод ард нь байгаа 200, 300 машин түгжирдэг. Хоёр жолооч бууж ирлээ, хэнийх нь бурууг тогтоогоод гар утсаараа ийм осол гарлаа, миний буруу гээд л илгээчихдэг болъё. Хиймэл оюун ухаан хөгжчихсөн энэ үед энэ гупр тэдэн төгрөг гээд гаргаад ирнэ шүү дээ. Хуулиа боловсруулаад явж байна.

Монголд төр байгаа бол цалингаа тавьж, тэтгэврээ өгч л таараа. Тиймээс тэтгэврийн зээл болон төрийн албан хаагчдын цалингийн зээлийн хүүг бууруулах боломжтой.

Дээрээс нь ахмадуудад зориулсан хуулийн төсөл боловсруулж байна. Тэтгэврийн зээл болон цалингийн зээлийн асуудал. Төрийн албанд ажиллаж байгаа төсвөөс цалин авдаг, төсвөөс тэтгэвэр авдаг хүмүүс бол найдвартай эх үүсвэртэй, найдвартай зээлдэгчид. Монголд төр байгаа бол цалингаа тавьж, тэтгэврээ өгч л таараа. Тэгтэл банк энэ найдвартай эх үүсвэр дээр өндөр эрсдэл, өндөр хүү тооцдог. Тэгэхээр тэтгэврийн зээл болон төрийн албан хаагчдын цалингийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж харж байна. 

Бүрэн эрхийнхээ хугацаанд хангайн бүсийн бүх цэгийг сүлжээнд холбох зорилготой байгаа.

Хангайн бүсэд сүлжээнд холбогдоогүй олон багууд бий. Өвлийн цагт энэ бол их яригддаг асуудал. Цаг агаарын сэрэмжлүүлгийг хүлээн авах боломжгүй, сүлжээгүй малчид олон бий.

Хангайн бүсийн 26 цэгт сүлжээ оруулахаар Цахим хөгжлийн яаманд  хүсэлт өгсөн байгаа. Тэгтэл энэ сүлжээний хөрөнгө оруулалтыг босгодог Бүх нийтийн үүргийн сан гэж байдаг. Энэ сан операторуудаас авсан хураамжаар бий болдог сан бөгөөд жилдээ 20 тэрбумын төсөвтэй. Энэ жил 7 тэрбумыг нь ашиглахаар Төсвийн тухай хуульд орсон байгаа. Энэ 7 тэрбумаар үндэсний хэмжээнд хамгийн дээд тал нь 30-аад станц барих боломжтой. Гэтэл манай хангайн бүсэд 26 хэрэгтэй. Энэ ажил төсөв мөнгө нь хүрэлцээгүй байдгаас болж удааширдаг. Би ямар ч байсан хангайн бүсэд ирэх оноос өмнө 5 станц, оны дараа 10 станц оруулах төлөвлөгөөтэй байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд хангайн бүсийн бүх цэгийг сүлжээнд холбох зорилготой байгаа.

Өргөн уудам Монгол нутгийг өнцөг булан бүрд эзэнтэй байлгадаг хүмүүс бол малчид. Гэтэл сүүлийн жилүүдэд малчдын халаа багасаж байна.

Хүн орчинд хурдан дасамтгай. Залуу хүүхдүүд оюутан болоод хотод ирдэг. Паартай байшин, паалантай жорлонд, үеийнхэнтэйгээ байх сонирхолтой болчхоод эргээд мал маллана гэхээр маш хүнд нөхцөл угтдаг шүү дээ. Ядаж сумын төв дээр тохилог орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. 100 жил тэмдэглэж байгаа сумууд нүхэн жорлонгоосоо салаагүй байна шүү дээ. Ялангуяа залуу эмэгтэйчүүд хөдөө тогтохгүй байна. Эмэгтэй хүн илүү тохилог орчин хүсдэг. Хотын амьдралд дасчхаад эргээд хөдөө амьдрах гэхээр нэг л болж өгөхгүй байгаа юм. Тэгэхээр сумын төвийг орон сууцжуулах, дэд бүтцийг нь, ядаж нойлын асуудлыг шийдэж, халуун, хүйтэн устай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн гол хүний тогтох газар бол эдийн засгийн хөшүүрэг байдаг. Хэчнээн хөдөлмөрлөөд малын гаралтай түүхий эд үнэд хүрэхгүй байгаа учраас хот орж таксинд явъя, барилга дээр ажиллая гэсэн сонголт хийж байна. Тэгэхээр бид малчин хүн хөдөлмөрөө үнэлүүлэх боломжийг нь нээж өгвөл залуучууд илүү их орлого олох боломжтой газартаа ирж ажиллана.

Улс төрчийн амьдралыг сонгоод амьдрахад бүх зүйл нь олны нүдэнд ил болж байгаа. Шүүмжлэлд багагүй өртөж байна уу?

Шүүмжлэх нь зөв л дөө. Шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг шиг анзаарахгүй яваад л байвал би өөрөө алдаа их гаргана. Иргэдээс шүүмжлэл сонсож, алдаагаа засах ёстой. Доромжлол, огт хамааралгүй зүйлүүд дээр гүтгэх нь харин өөр хэрэг.

Бидний урилгыг хүлээн авч, улс орондоо хийхээр төлөвлөж байгаа олон чухал асуудлыг нээлттэй хариулсанд баярлалаа.

Танай сайтын нийт хамт олонд ажлын амжилт хүсье. Дөрөв дэх засаглалыг хэрэгжүүлж, иргэдийн дуу хоолой, эрх мэдэлтнүүдийн ташуур байгаарай гэж хүсье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.