Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
НҮБ-ын Хүүхдийн Сан энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хөрөнгө босгож, өнөөдөр эхний ээлжийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурав.
“ХААН Банк” ХК, “Монполимет” групп, “Номин Холдинг” ХХК хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт төдийгүй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны эхлэл боллоо.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд аймгийн 5 багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болно. Тэр дундаа Увсын Боршоо боомт, Ховдын Үенч сумын хил хамгаалах анги, нэгжид ажиллаж, амьдарч буй албан хаагчдын хүүхдүүдэд сурах таатай орчныг бүрдүүлэх юм.
Одоогоор улсын хэмжээнд 1,575 багийн ердөө 44-т нь буюу 2℅- д нь бага сургууль ажиллаж байгаа нь чамлалттай үзүүлэлт төдийгүй жил бүр ойролцоогоор 36 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд 9 сарын хугацаанд амьдарч, суралцдаг. Эдгээр хүүхэд хичээлийн жилд дунджаар зургаан удаа гэр, сургуулийнхаа хооронд төрөл бүрийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болдог.
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд хамгийн багадаа 60 багт бага сургууль байгуулахаар зорьж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
