Монгол улсын арслан Б.Орхонбаяр энэ өдөр мэндэлжээ

Өнөөдөр Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаярын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1998 оны 7-р сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт мэндэлжээ.

21 насандаа анх төрийн наадамд зодоглож Улсын начин цол хүртэж байсан түүнийг тухайн үед тун чиг ирээдүйтэй бөх гэж нэрлэж байсан нь биеллээ олж 2022 оны Улсын баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол улсын арслан” цол хүртсэн.

Тус наадамд үзүүр булааснаасаа хойш  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан Санжмятавын Шагж аваргын нэрэмжит барилдаан мөн  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж амжилтаа зузаатгасаар байсан юм.

2024 оны үндэсний баяр наадамд Улсын аварга П. Бүрэнтөгсөөр найм давж, тухайн үеийн Даян, одоогийн Дархан аварга Намсрайжавын Батсуурьт өвдөг шороодож чимэг нэмсэн.

Үлэмж бадрах, Өсөх идэр арслан Б. Орхонбаяр нь өдгөө улсын баяр наадамд хоёр удаа үзүүрлэж, таван удаа шөвгөрсөн амжилттай яваа.

Удахгүй болох төрийн наадмын хүчит бөхийн барилдаанд түүнийг үзүүр, түрүү булаацалдах хамгийн өндөр магадлалтай гэж бөх сонирхогчид дээлнийхээ захыг мушгиж буй.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.