ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах 2025 тэмцээн эхэллээ
Монголын волейболын холбооноос 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.
Тус тэмцээн нь 8 болон түүнээс доош нас, 9-10 нас, 11 нас, 12 нас гэсэн нийт дөрвөн насны ангилалд явагдаж байгаа бөгөөд энэ жил нийт 482 багийн 2600 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
2025 оны тэмцээний онцлог нь U12 насны ангиллын тоглолтуудыг олон улсын стандарт дүрмээр шүүж, зохион байгуулж буй явдал бөгөөд энэ нь өсвөрийн тамирчдыг олон улсын жишигт ойртуулж, мэргэжлийн спортын орчинд бэлтгэх чухал алхам болж байна.
Монголын волейболын ирээдүй болсон бяцхан тамирчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг харуулсан энэхүү тэмцээн 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
