П.Мөнхтулга: “Авто замын ажилд чанар, стандарт хамгийн чухал”

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн Өгийнуур суманд ажиллаж, Мянганы замаас тус сум хүртэлх 28.5 км авто замын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Энэхүү авто замыг 2025 оны улсын төсөвт тойргийн гишүүдийн хамтаар тусгуулсан бөгөөд ажил гүйцэтгэх болон хяналт тавих компаниуд шалгарч, бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга авто замын ажлын эхлэлтэй холбогдуулан “Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж буй энэ бүтээн байгуулалт ашиг сонирхлын бус, ард түмний төлөө үр ашигтай, олон жилийн насжилттай, чанартай байх ёстой. Стандартыг чанд мөрдөж ажиллах нь тэргүүн эрэмбэ юм” гэж онцлов.

Мөн тэрбээр гүйцэтгэгч, хяналтын багийн залуустай уулзаж, далангийн материал болон дайргын ордын байршил, шинж чанарт газар дээрээс нь танилцсан юм. Хяналт тавьж буй залуусыг эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг сануулж, компаниуд ашиг олохын зэрэгцээ төрийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтад өндөр стандарт мөрдөх ёстой гэдгийг дахин онцоллоо.

Тус зам нь баригдсанаар Өгийнуур сумын иргэдийн тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэж, бүс нутгийн хөгжил, нийгэм, эдийн засгийн эргэлтэд бодитой хувь нэмэр оруулах чухал бүтээн байгуулалт юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.