“Silk Way-2025” олон улсын авторалли уралдааны мотоциклийн ангилалд П.Мөрөн түрүүллээ

15 дахь удаагийн “Торгоны зам” авто уралдааны хаалтын ажиллагаа ОХУ-ын Алтайн БНУ-ын нийслэл Горно-Алтайск хотод болж шилдэгүүдээ тодруулжээ. 11 өдрийн турш ОХУ болон Монгол улсын нутаг дэвсгэрт нийт 4811 км замыг туулсан тус уралдаанд 12 орны 837 хүн 306 автомашин, мотоцикл оролцжээ.

“Торгоны зам” уралдааны мотоциклийн ангилалд Монгол Улсын тамирчин П.Мөрөн түрүүлж, “Цагаан арслан” цомын эзэн болжээ. Тэрээр өнгөрсөн жил хоёрдугаар байр эзэлж байсан бол энэ жил амжилтаа ахиулж аваргын цомыг хүртлээ. 

П.Мөрөн “Motor Rally 450” ангилалд “KTM 450 Rally replica” загварын мотоциклоор оролцохдоо 32:48.18 цагийн амжилтыг үзүүлж, бусдыгаа тэргүүлжээ.

“Торгоны зам” авто уралдааны үндсэн төрөл болох автомашины уралдаанд ОХУ-ын баг тамирчид эхний байруудад оржээ.

“Торгоны зам 2025” авто ралли олон улсын уралдаанд ОХУ, Герман, Канад, БНХАУ, Латви, Швейцарь, Мексик, Казахстан, Узбекистан болон Беларус, Туркменистан, Монгол улсын баг тамирчид оролцлоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.