Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд яахын аргаггүй нэр нь тодоос тод явдаг алдарт дасгалжуулагч Казухито Сакайя нь зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд, урилгаар Казухито Сакайя-г 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьсныг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн “ЗӨВЛӨХ” дасгалжуулагчаар ажиллах болсныг чөлөөт бөх сонирхогчид та бүхэндээ дуулгахад таатай байна.

Өнөөдөр түүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, Дэд ерөнхийлөгч С.Балжинням нар удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч түүхэн гэрээг үзэглэлээ.
