ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА НЬ ХИЛИЙН ЗУРВАСТ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОДОГ БОЛОХООС, ГАЗАР АШИГЛАЛТ, pХАДЛАН ХАДАХТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХ МЭДЭЛГҮЙ БАЙГУУЛЛАГА
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Хил хамгаалах байгууллагын өндөр албан тушаалтан болох бригадын генерал Н.Ганболдтой холбоотой, эх орноосоо урвасан гэх агуулгатай мэдээллүүд өргөн хүрээнд түгж, олон нийтийн анхаарлыг татаж байна.
Гэвч уг мэдээллүүд нь баримтаас ангид, мушгин гуйвуулсан, зориудын шинжтэй сэвэлт байх өндөр магадлалтай байгааг холбогдох эх сурвалжууд мэдээллээ.
Зөвшөөрөл хууль ёсны дагуу олгогдсон
Хадлан тэжээл бэлтгэхтэй холбоотой уг асуудлын эх сурвалж нь энэ жил улсын начин Батжаргалын Одхүү захиралтай “Бичигт смарт терминал” ХХК-тай холбоотой. Тус компани нь:
Тусгай хамгаалалттай газрын захиргаатай албан ёсны гэрээ байгуулж, хууль, журмын хүрээнд хадлан хадах зөвшөөрөл авсан байна.
Түүнчлэн тухайн хадлангийн талбай нь хилийн зурваст хамаарч байсан тул, зөвхөн нэвтрэх зөвшөөрлийг Хил хамгаалах байгууллагаас авсан нь тогтоогдож байгаа юм.
Энд онцлон тэмдэглэх нэг зүйл бол: Хил хамгаалах байгууллага нь хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг олгодог болохоос, газар ашиглалт, хадлан хадахтай холбоотой зөвшөөрөл олгох эрх мэдэлгүй байгууллага юм.
Харлуулалт уу, захиалгат довтолгоо юу?
Ийнхүү хууль ёсны дагуу олгогдсон зөвшөөрөл, албаны үйл ажиллагааг гуйвуулан, “эх орноос урвасан”, “албаа худалдаж өгсөн” гэх мэт хэт нэг талыг барьсан, санаатай сэвэлт үүсгэж буй нь албан тушаал, эрх мэдэлд санаархсан тодорхой бүлэг этгээдүүдийн зохион байгуулалттай ажиллагаа байж болзошгүй.
Энэхүү сэвэлт нь Ганболд генералын нэр хүндийг гутаахын цаана эрх мэдлийн тэнцвэрт нөлөөлөх эрмэлзэл байж болзошгүй.
“Хилчид минь тайван байвал, эх орон тайван байна…”
Бригадын генерал Н.Ганболд нь хилийн заставаас ажлын гараагаа эхэлж, амьдралаа улс орны хил хязгаар, аюулгүй байдалд зориулсан, олон нийтэд “төрдөө үнэнч офицер” хэмээн танигдсан нэгэн. Түүний:
“Хилчид минь тайван байвал, эх орон тайван байна. Эх орон тайван байвал би тайван байна”гэж хэлсэн үг өнөөдөр ч олон хүний сэтгэлд үлдсэн байдаг.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд мэдээлэл түгээх нь үүрэг, хариуцлага хоёр зэрэгцсэн үйлдэл юм. Баримтад суурилаагүй мэдээлэл хүний нэр хүндийг эргэж сэргэхээргүйгээр үгүй хийж болзошгүй.
Иймд аливаа мэдээлэлд ханддаг хандлага маань дараах үнэт зарчмыг сануулж байна:
“Сэвэхээсээ өмнө судал. Шүүмжлэхээсээ өмнө шалга. Шударга ёсыг хүсвэл, эхлээд үнэнийг ол.”
