Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Финланд болон Нордикийн орнуудад нийлүүлэх боломжийн талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засгийн сайд Сакари Пуистотой 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, түүнд тусгагдсан томоохон зорилтын талаар танилцуулж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Финланд болон Нордикийн орнуудад нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн хоёр талын хамтын ажиллагааг Финланд Улсын тэргүүлэх салбарууд болох ойжуулалт, ногоон хөгжил, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт тэлэх, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Финландын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцохыг урьж, “Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг 10 дугаар сард Улаанбаатар хотод болох талаар дурдлаа хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.