Сагсан бөмбөгийн “Холбооны цом” тэмцээний шагнал 200 сая төгрөг байна

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос анх удаа “Холбооны цом”-ын тэмцээнийг 10 дугаар сард зохион байгуулахаар болжээ. 

Тус тэмцээнд эмэгтэй 16 багаас үндэсний дээд лигийн 6, М хөгжлийн лигийн 8, оюутны лигийн 2 баг оролцох бол эрэгтэй 32 багаас үндэсний дээд лигийн 10, М хөгжлийн лигийн 16, оюутны лигийн 6 баг оролцохоор болжээ. Тэмцээнийг шууд хасагдах шатны (direct elimination) хэлбэрээр буюу нугалааны зарчмаар явуулах бөгөөд эрэмбийг багуудын тухайн лиг дэх амжилтын үзүүлэлтээр тогтоох юм.

Тоглолтуудыг бусад лигийн хуваарьтай давхцахгүйгээр пүрэв гараг бүр явуулахаар төлөвлөжээ. Холбооны цомын аваргууд тодрох шигшээ тоглолт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд М Банк Аренад болох аж.

Энэхүү тэмцээнд зөвхөн монгол тоглогч, дасгалжуулагч оролцож, монгол шүүгч шүүн явуулахаараа онцлогтой.  Энэ нь дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тоглогчдын ур чадварыг өсгөх, монгол дасгалжуулагчийн гадаад мэргэжилтнээс суралцсан мэдлэгээ хэрэгжүүлэх боломжийг  олгож байгаа юм. 

Уг тэмцээний шагналын сан эмэгтэй, эрэгтэй ангилал тус бүр 200 сая төгрөг байх гэнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.