Анх арван настайд минь “хойд” аав гэх хүн манай гэрийн босгоор орж ирж байв. Төрсөн аав гэж байдгаас ийм гадны хүн миний аав болчхож болдог юм байхдаа гэх хүүхдийн гэнэн бодол төрж билээ. Энэ бол зүгээр л аавын тухай биш. Надад дахиж босох хүч өгсөн, хэн нэгний зайг дүүргэх гэж биш, өөрийнхөөрөө орж ирсэн тэр нэг хүний тухай юм.
Эр хүний орон зай
Эр хүн гэдэг гэрт ямар үүрэгтэйг, аав хүн гэдэг хүүхдэд ямар чухал гэдгийг мэдэлгүй бага наснаасаа өсвөр нас руу шилжиж буй надад “шинэ” аав маань их л сонин санагддаг байв. Ээжийн дагуулж ирсэн тэр хүнийг би аав гэж хүлээн зөвшөөрөхөд олон жилийг зарцуулсан. Түүний хэлсэн үг бүрд нь “миний төрсөн аав ингэхгүй байсан” гэсэн бодол дагаж ирдэг байв. Тэр зөвхөн надад л хэрэгтэй зүйлийг хэлдэг байхад би зөрүүдлэн уурлаж, уцаарлаж хүлээж авдаггүй байлаа. Гэхдээ тэр бага багаар эр хүний орон зай, аав хүн гэдэг ямар байдгийг мэдрүүлсэн юм. Хутгаа байнга аягандаа үрж зогсох шаардлагагүй хутганууд байнгын иртэй, мах идэхдээ заавал яс мөлжих шаардлагагүй бүгдийг нь жижиглээд таваглаад тавьчихсан байхаас эхлээд аав хүний нөмөр нөөлгийг бага байгаар мэдэрч байлаа. Эхлээд эгч минь түүнийг “Ааваа” гэж дуудахад маш их баярлаж байсан санагддаг. Яваандаа би, ах ч түүнийг хүлээн зөвшөөрч нэг гэр бүл болов.
Нэг удаа сургууль дээрээ цонх хагалсан хэрэгт унав. Ээж рүүгээ яриад дуудтал төд удалгүй аав гаднаас гүйж орж ирэв. “Миний охин тэгээгүй” гэж хэлэн гараас минь хөтлөөд ангиас гараад “Аав нь чамд итгэнэ” гэж хэлэхэд дотор минь цэлмэж билээ.

Өөрийн туулсан зам
Аав минь өөрөө ч хойд эцгийн гар дээр өссөн. Бага нас нь эцгийн хайраар дүүрэн бус харин зодуур, зандрал, айдас дунд өссөн байдаг. Тэр энэ тухайгаа нэг их яриад байдаггүй ч, ээжтэй минь дурсамжаа хуваалцаж суухдаа хэлж билээ:
Би өөрөө хойд эцэг гэж ямар байдгийг мэдэх болохоор, гурван хүүхдээ өөрийн амссан зовлонг мэдрээсэй гэж хүсэхгүй л байна. Хэзээ ч хүний хүүхэд гэж бодохгүй өсгөнө.
Тэр хэлсэн үгээ үйлдэл болгож чадсан юм. Аав минь өөрөө ганц охинтой. Гэхдээ тэрнээсээ илүү бид хэдийг л гэж их нааш цаашаа гүйнэ. Оюутан болоод холдон явахад хүртэл. “Хоолны мөнгөтэй байгаа юу аав нь мөнгө хийчихлээ, мах байгаа юу аав нь шинэ шөлний юм бодох уу” гээд түүний минь санаа тавих ажил дуусахгүй. Магадгүй түүний амьдралд хойд эцэг нь хүйтэн жавар үлдээсэн ч түүнийгээ бидний инээдээр хайлуулдаг байх.
42 жилийн тайтгарал
Аав минь өөрийн эцгийг хэн гэдгийг мэдэхгүй дөч гаруй жил амьдарсан. Эмээ залуудаа өөр аймгаас ирсэн нэгэн залуутай үерхэж, түүнийхээ хүүхдийг тээн үлдсэн гэдэг. Багаасаа хойд ааваараа овоглож явсан түүний дотор ганц л асуулт байсан. Миний аав яг ямар хүн байдаг бол? Өвдөг шороодож, асуух хүнгүй тэнгэр ширтэж өссөн ч тэр хэзээ ч гомдож хорсооогүй. Харин ч ээжтэй нь хамтдаа даруулсан ганц зургаар л аавыгаа төсөөлж, тэр төрхөөр нь сэтгэлдээ хадгалсаар ирсэн.
Аав үгүй өссөн тэр хоосон мэдрэмжийг өөрийн хүүхдүүдэд мэдрүүлэхгүй гэсэндээ бидэнд тэр дулаан илчийг өгсөөр иржээ. Хувь тавилан гэнэтийн эргэлтээр 42 жилийн дараа аав минь өөрийн төрсөн аавыг олж уулзсан. Олон жилийн хүлээлт, харуусалыг тайлсан тэр өдрөөс хойш аав минь бүрэн бүтэн мэт болсон.

Гурван үсэгний үнэ цэнэ
Амьдрал бага багаар цэгцэрч ээж минь ч өөрийн ажлаа эхлүүлж дутагдах гачигдах зүйлгүй байлаа. Гэвч арван хоёрдугаар ангид ордог жилээ ээжийгээ алдсан юм. Амьдралд минь хамгийн хэрэгтэй үед хамгийн ихээр түшиж байсан хүн минь намайг юу ч ойлгож амжаагүй байхад явчихсан. Хүн л болсон хойно аавтай зөрчилдөх үе их байсан. Тэр болгоныг ээж минь зөөллөж, бид хоёрын гүүр болдог байв. Харин ээж явахад тэр гүүр нурж аав бид хоёр л үлдэв. Түүнээс хойш аав биднийг л гэж амьдрах болсон. Харин бид аавыгаа түшсэн.
“Өнөөдөр аав толгой өвдөөд хэцүү байна” гээд яривал тэр өдөрт хэдэн ч удаа залгаж бие асууж, эм уухыг сануулж магадгүй. Нэг өдөр “ Миний охин хэцүү байвал хэлж бай, битгий өөрөөрөө зүтгээд бай. Мөнгөгүй байвал хэл. Аав нь банк ухаад ч хамаагүй олж өгнө” гээд инээхэд дотор нэг зүйл тээглэчих шиг л болов. Аав гэх энэ гуравхан үсэг хүнд ямар их түшиг болдог гэж санана. Асуудал гарвал түүнд хэлвэл учир нь олдоно, уйлвал аав аргадна. Ер нь л ард минь тэр хүн байгаадаа гэж бодоход л сэтгэл уужирдаг.

Аав
“Ямар ч эр хүн эцэг болж чадна. Харин онцгой нэг нь л аав болдог” гэж Стив Харвэй хэлсэн байдаг. Бидний аав, охин болж амьдарсан арав гаруй жил. Тэр хэзээ ч “чи надад хамаагүй” гэж хэлээгүй, харин ч үргэлж “миний охин” гэж хэлсээр ирсэн. Хамтдаа таван ханатаас эхэлсэн бидний амьдрал. Ганц бие дүүлж явсан эр гэнэт л гурван хүүхдийн аав болсон хүндхэн ачаа. Бидний хооронд цусан холбоо байгаагүй. Гэвч тэр намайг төрсөн үр шигээ, үгүй ээ түүнээс илүү хайрласан. Аав минь зүгээр л хажууд цай ууж, өдрийн болсон бүхнээ ярьж суухад “Баярлалаа, хайртай шүү” гэж хэлмээр санагддаг. Би энэ үгсийг хэзээ ч түүнд хэлж байгаагүй байх. Гэхдээ тэр миний энэ сэтгэлийг үргэлж мэдэрдэг гэдэгт итгэдэг.
Тэр миний “хойд” эцэг биш, тэр бол миний аав. Аав бид хоёрын сэтгэлийн холбоо…

Сэтгүүлч: О.УДВАЛ
