УИХ-ын гишүүн Б.Түвшин, Г.Очирбат: Завхан аймгийн Дулааны станцын ажлыг ЭХЯ анхааралдаа авах хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Г.Очирбат нар өнөөдөр Завхан аймагт ажиллаж, аймгийн төвд баригдаж буй 25ГКал/ц-ын хүчин чадалтай Дулааны станцын ажил, үйл явцтай танилцлаа.

Тус станцын төсөл 10 аймагт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа бөгөөд 2022-2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч өнөөдөр ажлын явц 40%-ийн гүйцэтгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат энэ талаар, “Хөнгөлөлттэй зээл хэдий ч хүү цаг тутамд бодогдож байгааг санах хэрэгтэй. Монгол Улсын Эрчим Хүчний яам үүнийг анхааралдаа авч ажиллах хэрэгтэй байна” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Мөн Завхан аймгийн албан байгууллагуудын дарга нартай уулзалт хийж, тус аймагт тулгамдаж байгаа олон асуудлуудын талаар мэдээлэл авч цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Г.Очирбат “50-70 жил болсон чанарын шаардлага огт хангахаа больсон барилгууд, анги талбай нь хүрэлцэхээ больсон сургууль цэцэрлэгүүд, нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн барилгуудын ажил нь гацсан, нарийн мэргэжлийн эмчгүй эмнэлэг, тоног төхөөрөмжийн хомсдол гэх мэт бүх аймгуудад тулгамдсан асуудлууд энд байна” хэмээн тус аймагт тулгамдаж буй асуудлыг дүгнэжээ.

Завхан аймагт нэн тэргүүнд орон нутгийн хөрөнгө оруулалтаа өсгөх, мал аж ахуй газар тариалангийн салбараа идэвхтэй өргөжүүлэх, аялал жуулчлалаа хөгжүүлэх, үүгээр дамжуулж иргэдээ ажил орлоготой болгох цогц бодлогууд дутагдаж байгааг УИХ-ын гишүүд онцоллоо.

УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшин 2024 оны УИХ-ын сонгуулийн II дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, 69829 сонгогчийн санал авч УИХ-д сонгогдсон. Эдийн засагч мэргэжилтэй.

УИХ-ын гишүүн Ганбатын Очирбат 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон гишүүн юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.