Манай улсад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан албан ёсны айлчлал хийж, энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр уламжлалт найрсаг харилцаагаа шинэ шатанд гаргах, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Тухайлбал, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн зэрэг хоёр улсын давуу тал бүхий бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломжийг ярилцав.
Энэ ажлыг бодитой хэрэгжүүлэхийн тулд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэж, Вьентьян- Куммингийн төмөр замын холболтоор дамжуулан Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэлээ. Мөн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн нь цаашдын хамтын ажиллагаанд ахиц авчрах юм.
Аялал жуулчлалын салбарт хоёр талын онцлог бүс нутгийг холбосон хамтарсан аяллын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, манай улсын байгалийн үзэсгэлэнт аймгуудыг сурталчлахын зэрэгцээ Лаосын түүх, соёлын төвүүд болох Луангпрабанг, Ванг Виенг зэрэг газарт хамтарсан аяллын бүтээгдэхүүн бий болгох нь хоёр орны ард түмний харилцааг улам бэхжүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Боловсролын салбарт Монголын их, дээд сургуулиудад олон лаос оюутан суралцаж, чанартай боловсрол эзэмшиж байгааг сайд Тонгсаван Фумвихан сайшаан, цаашид энэ боломжийг өргөжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Мөн манай улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан “Лаос–Монголын Найрамдлын эмнэлэг” өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгааг тэмдэглэж, манай талаас үзүүлж ирсэн хүмүүнлэгийн дэмжлэгт талархлаа илэрхийлэв.
Түүнчлэн олон улсын тавцан, тэр дундаа НҮБ болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахаа харилцан нотоллоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

