Лондон хотноо 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтаар Талууд боловсролын салбарт хэрэгжүүлж буй Монгол-Британийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг онцлон, тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Тэтгэлгийн асуудал хариуцсан захирал Эмма Хэннэсситэй тусгайлан уулзалт хийж 2013 оноос хойш хоёр орны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж хугацааг сунгах замаар тэтгэлэгт хамрагдах Монгол Улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ.
Үүний дагуу Боловсролын яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамтай Чевнингийн тэтгэлгийг хамтран хэрэгжүүлэх шинэчилсэн Харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурж Монгол Улсаас суралцах оюутны тоог үе шаттайгаар буюу хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлгээр 180 гаруй залуус суралцаж төгссөн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 69 оюутан Британи Улсад суралцаж байна.
Чевнинг хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн тэтгэлэг зарлагдсан бөгөөд бүртгэл 2025 оны 10-р сарын 07-ны 12:00 цаг хүртэл явагдаж дараах холбоосоор бүртгүүлэх боломжтой:
https://www.chevening.org/scholarship/mongolia
Мөн Британий Ерөнхий сайд асан, Гадаад хэргийн сайд ноён Давид Камероны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд англи хэлний 3 жилийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд тус санаачлага ажил хэрэг болж ИБУИНХУ-ын санхүүжилтээр 2024 онд Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймагт мэргэшил дээшлүүлэх сургалтад 325 багш хамрагдсан бол бага боловсролын болон англи хэлний мэргэжлийн 399 багш нарт зориулсан англи хэлний сургалтыг МУБИС-ийн Багшийн хөгжлийг дэмжих төв болон МУИС-ийн дэргэд Англи хэлний төв хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.


