Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа 8-р сарын 29-нд боллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон. Тиймээс та бүхэн албаныхаа болоод эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд сайн яваад ирээрэй” хэмээн онцолсон юм.

Энэ үеэр XV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнөрбекд Онцгой байдлын байгууллагын тугийг хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах хувцас хэрэгслийг гардуулжээ.

Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 2 офицер, 13 ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.