Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.  

Ерөнхийлөгч, Амбан захирагч нар харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 гаруй жилийн ололт, амжилтаа дүгнэн, цаашид шинэ агуулгаар баяжуулан, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Харилцаа, хамтын ажиллагаа 2007 оноос хойш “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж ирснийг талууд сайшааж, ойрын хугацаанд харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээ нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Австралийн Амбан захирагчийн түвшинд 30 гаруй жилийн дараа болж буй айлчлал харилцаанд шинэ хуудас нээж буйг онцоллоо. Австрали нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түнш гэдгийг тэмдэглэв.

Мөн харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Оюу толгой” төсөл, “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг хэллээ.

Цаашид Монгол Улсад Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоо жилээс жилд бэхжиж, харилцан солилцоо улам нэмэгдэн, Австрали Улсад боловсрол эзэмшсэн монгол залуус эх орныхоо хөгжил дэвшил үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг үе шаттай нэмэх, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөртэй уялдуулах, Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино, дунд хугацааны сургалт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улс бэлчээрийн болон фермийн мал аж ахуй эрхэлдгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдэж, энэ чиглэлээр хамтран ажиллах, Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хамтрах боломжийн талаар санал солилцов.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Австрали Улсыг дээд, өндөр түвшинд оролцохыг урилаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.