УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуульд шинээр элссэн нэгдүгээр дамжааны оюутнуудтай уулзаж, “Сайн багш байхын учир” лекц уншлаа.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
“Энэ жил байгалийн ухааны багшийн ангийн элсэлт 96%-д хүрсэн гэдгийг сонсоод баярлан очсон нь энэ.
Лекцэндээ сайн багшийн шинжүүдийг хэлж өгч, “багш хүн ер нь зөвхөн нэг судлагдахууны багш бус, хүүхдэд итгэл өгдөг, хүүхдийг асаадаг ХҮНИЙ БАГШ байх” талаар оюутан дүү нартаа захиж хэлсэн юм.
Зорин ирж, заал дүүрэн сууж шимтэн сонссон залуусдаа баярлалаа. Төслийн сургуульд сурч байсан, өмнө нь уулзаж, яриаг минь сонсож байсан хүүхдүүд багш мэргэжлийг сонгосныг харах үнэхээр бахархалтай байлаа.
Лекцийн зарыг хараад гаднаас зорьж ирсэн 10 гаран хүмүүс байснаас зарим нь асуулт асууж сэтгэгдэл хэлэв.

Лекцэндээ онцолсон хэдэн санаагаа хүргэвэл:
– Хүүхдийг өөрийн гэсэн бодолтой, чигч шударга зантай, аливаад үл туйлширдаг, зөв хандлагатай болж төлөвшихөд багшийн үлгэр дууриал гойд чухал. Тиймээс багш өөрөө сахилга баттай, зөв үйлдэлтэй, шавийнхаа төлөө сэтгэлтэй, уйгагүй хичээл зүтгэлтэй багш байхын төлөө одооноос суралцаарай.
-Залуус минь зөвхөн хичээл заадаг биш сургадаг, ярьдаг биш хийдэг, судлаач, сэтгэл зүйч, үлгэрлэдэг багш болоорой.
-Үнэг шиг битгий байгаарай, зараа шиг тууштай байгаарай. Төрөлх сургуульдаа багш болж эргэн очоод номын дүү нарынхаа төлөө зүтгээрэй” гэв.



