Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-д албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Адмирал Дун Жуний урилгаар тус улсад 2025 оны 9 дүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцлоо.

Энэ сарын 19-ний өдөр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов. Уулзалтын үеэр Батлан Хамгаалахын сайд Д.Батлут хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж буйг онцолж, цаашид улам өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Адмирал Дун Жунь хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хоёр орны цэргийн харилцаа улам батжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

Мөн Д.Батлут сайд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ар тал хангалтын технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.Энэхүү их сургууль нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн стратегийн тээвэр, логистик, инженерийн салбарын өндөр мэргэжлийн офицер, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол боловсролын байгууллагын нэг юм.

Тус сургуультай хамтын ажиллагааны хүрээнд манай улсаас нийтдээ 30 орчим оюутан суралцаж төгссөн бөгөөд одоогоор нийт 4 офицер бэлтгэгдэж байгаа бөгөөд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол ахлагч, офицеруудтайгаа уулзаж, цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүссэн байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.