УИХ-ын гишүүн О.Саранчулууны “Сэтгэцийн эрүүл мэнд – 2025” арга хэмжээнд хэлсэн үгийг хуваалцъя.
“Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нь халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна (ДЭМБ, 2021). Дэлхий дахинд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож нас барж, бүртгэгдсэн нэг тохиолдлын ард дунджаар 20 гаруй оролдлого тохиолддог (WHO, 2023). Амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь бага, дунд орлоготой орнуудад бүртгэгдэж, өсвөр насныхны нас баралтын шалтгааны эхний 4-т багтаж байна.
Монгол Улсад амиа хорлолтын нас баралтын түвшин 2019 онд 100,000 хүн амд 17.9 байсан нь дэлхийн дунджаас (9.2), бүсийн дунджаас (8.7) хоёр дахин өндөр үзүүлэлттэй (WHO Mortality Database, 2019). Энэ түвшин тогтвортой өндөр хэвээр байна.
2023 онд:
• 15–19 нас: 4 хүн тутмын 1
• 20–24 нас: 4 хүн тутмын 1
• 25–29 нас: 5 хүн тутмын 1 нь амиа хорлож нас барсан.
Мөн эрэгтэйчүүдийн эрсдэл эмэгтэйчүүдээс 6 дахин өндөр, хүүхэд, өсвөр үеийнхний амиа хорлолт болон оролдлого огцом нэмэгдэж байгаа нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болж байна.
Иймд амиа хорлолтын түвшинг бууруулахын тулд:
• Салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх,
• Тогтолцооны бүтэц, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох,
• Үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголт, чиглэл бий болгох зайлшгүй шаардлагатай байна.
Нийгмийн ажил ба гэр бүлийн оролцооны ач холбогдол
ДЭМБ-ын зөвлөмжөөр нийгмийн ажилтнууд нь эрсдэлд буй иргэдийг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх, орон нутгийн үйлчилгээтэй холбох гол гүүр болж байна. Түүнчлэн гэр бүл, ойрын хүрээллийн дэмжлэг нь амиа хорлолтыг бууруулах хамгийн үр нөлөөтэй хамгаалалтын хүчин зүйлүүдийн нэг гэж олон улсын судалгаанд онцолдог.
Урьдчилан сэргийлэлтэд хэрэгжүүлж буй сайн туршлага
• Исландын өсвөр үеийнхний загвар (Icelandic Model) нь эцэг эхийн оролцоо, хамтын олон нийтийн хяналт, чөлөөт цагийн идэвхтэй бодлогоор амиа хорлолт болон донтолтыг мэдэгдэхүйц бууруулсан (Kristjansson et al., 2020).
• Японы тосгоны хамтын дэмжлэгийн хөтөлбөр нь ганцаардсан ахмадуудад тогтмол гэрийн айлчлал, бүлгийн уулзалтуудыг зохион байгуулснаар ахмад настнуудын амиа хорлолтыг бууруулсан (Kido et al., 2021).
• АНУ-ын “Zero Suicide” санаачилга нь эрүүл мэндийн тогтолцоонд скрининг, сэтгэл заслын тусламж, дэмжлэгийн шаталсан тогтолцоог нэвтрүүлснээр эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж буйг харуулсан (SAMHSA, 2018).
Эдгээр туршлага нь Монгол Улсад нийгмийн ажилтнуудын үүргийг өргөжүүлж, гэр бүлийн оролцоог дэмжсэн нэгдсэн тогтолцоог бий болгох шаардлагатайг харуулж байна.
Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, МСЭМҮН, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Монголын Нейросайнсын нийгэмлэг, ДЭМБ хамтран энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Хурлын хүрээнд Монгол Улсын нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах арга замыг хэлэлцэж, бодлогын зөвлөмж гаргана гэж итгэж байна. Хууль тогтоогчийн хувьд би цаашид энэ асуудалд онцгойлон анхаарч, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн ажил болон гэр бүлийн оролцоог бодлогоор дэмжих, олон талт хамтын ажиллагааг хангах чиглэлээр тасралтгүй дэмжлэг үзүүлэхээ энд илэрхийлж байна” гэв.
