“Орфей” театрын “Амьдрахуй” жүжиг Тувагийн Үндэсний их театрын тайзнаа тоглогдлоо

Монголын орчин үеийн театр урлагийн ертөнцөд сүүлийн таван жилд цойлон гарч ирсэн, бүтээлийн тавилт, шийдэл, уран сэтгэмжийн онцлогоороо үзэгчид болон мэргэжлийнхний анхаарлыг татаж , онцгой байр эзлээд буй “Орфей” постдрамын театр энэ намар цагийн үзвэрийн нээлтээ ОХУ-ын Тува Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийлээ.

Тодруулбал, тус театр Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” постдрамын жүжгийг шинэ найруулга, өвөрмөц тавилтаар амилуулж, бүтээлийн найруулгын тавилт шийдэл, оюуны өмчөө олон улсын франчайз гэрээгээр Тувагийн Үндэсний их театрт албан ёсоор худалдаалсан байна.

Түүхэн утга, соёлын орон зайд нээгдсэн бүтээл Кызыл хот нь ариун Енисей мөрний эх, МЭӨ VIII зуунд амьдарч байсан Скифүүд болон олон соёл иргэншлийн өлгий нутаг, мөн Азийн зүрхэн төв цэг хэмээн алдаршсан байгалийн үзэсгэлэнт, түүхэн хот юм.

Энэ удаагийн намрын нээлт анх удаа Хятадын орчин үеийн сонгодог зохиолч болон Монгол найруулагчийн бүтээлээр, Орос, Тува жүжигчдийн оролцоотойгоор тува хэлээр тайзнаа амилсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Үзэгчдийн сэтгэл хөдлөл, мэргэжлийн үнэлгээ 

Жүжиг тогтож дууссаны дараа танхим дүүрэн үзэгчид сэтгэлээ барьж ядан, хөшиг хаалгалгүй бүгд хүндэтгэн зогсож, тасралтгүй алга ташин баяр хүргэсэн нь онцгой мөч байв. Уран бүтээлийг үзэгчид болон мэргэжлийн шүүмжлэгчид өндөр үнэлгээтэйгээр хүлээн авч, Монгол, Орос, Тува, Хятад зэрэг улсуудын урлагийн гүүрийг холбосон чухал алхам гэж онцолжээ.

Бүтээлч баг 

  • Ерөнхий продюсер: Т.Ариунчимэг
  • Ерөнхий найруулагч М.Батболд
  • Зохиолын драмчилсон хувилбар: Мө.Баятбаяр
  • Ерөнхий зураач: О.Баярмагнай
  • Хөгжмийн зохиолчид: О.Нямхүү, Х.Сэцэн

Урлагийн хэл – биднийг холбосон гүүр 

“Амьдрахуй” жүжиг Кызылын тайзнаа тавигдсанаар Хятад, Монгол, Тува, Оросын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, урлаг хэмээх агуу ертөнц нь улс, хил, хэл, соёлын ялгааг даван бидэнд нэг л хайрын хэл байж тэр уулзах цэгүүдийн нэг нь мэргэжлийн театр урлаг байхыг дахин нотолж чадлаа.

Эх сурвалж: urlag.mn

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.