Олон улсын хэл хуурчдын X их наадам Японы Хоккайдо мужийн Акан хотноо энэ сарын 24-27-нд боллоо.
Тус наадамд дэлхийн 50 гаруй орны шилдэг хэл хуурчид оролцож, өөр өөрийн улсын уламжлалт хөгжмийн өв соёлыг олон улсын тавцанд танилцуулсан юм.
Энэхүү наадамд Монгол Улсаас Монгол угсаатан хэл хуурчдын холбооны есөн өвлөн уламжлагч оролцож, уламжлалт хэл хуурын татлага, ая тоглолтоо толилуулан, олон улсын хэл хуурын наадмын зохион байгуулагчид болон дэлхийн шилдэг хуурчдаас өндөр үнэлгээ авч, монгол хөгжим, өв соёлоо сурталчилжээ.
Энэ үеэр олон улсын хэл хуурчдын XI наадмыг Киргиз Улсад, XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэхээс гадна Олон улсын хэл хуурчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэрийг албан ёсоор томилжээ.
Ташрамд дурдахад, Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулганыг 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.




