Л.Отгонцэцэг: Би цэцэрлэгт хүрээлэнгээ “Диваажингийн цэцэрлэг” гэж нэрлэдэг

Монголд анх удаа хашаан дотроо лийр тарьж ургуулсан хөдөлмөрч, бүтээлч энэ бүсгүйг Л.Отгонцэцэг гэдэг. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалаас үүдэн олон төрлийн жимс, ногоо тарихад хүндрэлтэй байдаг ч Л.Отгонцэцэг хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харуулахын тулд өөрийн хашаандаа лийр тарьжээ.

Л.Отгонцэцэгийнх Баянгол дүүрэгт байрлах Бичил хорооллын хажууханд 0.07 орчим га газартаа төвхнөжээ. Тэрээр аав, ээжээсээ энэ хашаа, байшингаа өвлөн авч, эндээ элбэг дэлбэг сайхан амьдрал бүтээхийг зорьсон аж. Хашаан дотроо мод, цэцэгсийг тойруулан байшин хүртэл зам тавьсан байлаа. Эднийх лийрний гурван модтой ба намрын өнгө хэдийнээ моддыг хучжээ. Цөөн хэдэн ширхэг лийр газарт унасан байв. Цааш явахад давжаа алим буюу бидний хэлж заншсанаар ранетик жимсний мод харагдав.

Арван жилийн турш өвөл, зуныг үл харгалзан лийрийн модоо арчилж, сайхан үгсээр мялааж, өөрийн хүүхэд мэт асарч тойглон, ургацаа хураан авдагтаа тэр туйлын баяртай, жаргалтай байдгаа, мөн халуун оронд ургадаг жимсийг Монголд арчилж ургуулна гэдэг амаргүй хэмээн ярилаа.

Ажилсаг бүсгүйн хашаанд мойл, интоор, гүзээлзгэнэ, агч мод, чавга, уутат помидор, эрдэнэшиш гээд тариалаагүй жимс, мод ховор. Жимсний моддоос гадна Алтанзул цэцэг, Наранцэцэг, Сарнайн бут, Мандарваа, Астра, Шторкроза алаглана.

Л.Отгонцэцэг “Би цэцэрлэгт хүрээлэнгээ “Диваажингийн цэцэрлэг” гэж нэрлэдэг. Би энэ газарт байхдаа бүхий л муу муухай зүйлсээс холдож, сайхан энерги авдаг. Өөрийн гараар тарьсан жимс, ногоо маань хамгийн цэвэр ариун, өндөр чанартай хүнс болдог. Би хувьдаа үүнийг л тансаглал гэж хэлмээр байна” гэж бахдалтайгаар хуучлав.

Ихэнх цагийг хашаан дотроо өнгөрүүлдэг талаар хуучлахдаа “Зуны өглөө сэрээд гэрээсээ гарахад хашаанд маань тал талаас шувууд цуглачихсан байдаг. Өвсний үнэр, агаар, өнгө зэрэг жинхэнэ байгалийг хашаандаа л мэдэрч байна. Гэр хороололд амьдардаг гэхээр л гараа хумхиад, залхуураад, шороон дундаа зүгээр суугаад байж болохгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаг амьдарч байна” гэсэн юм.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.