Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах энэ сарын 2-нд Япон улсын “Seirei Hamamatsu” нэгдсэн эмнэлгийн захирал, хөл шагайн мэс заслын эмч, доктор Масанори Таки, Нагоя хотын АУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн гэмтэл согогийн тасгийн их эмч, туслах профессор Мёонгсу Ха, “East Maebashi” гэмтэл согогийн эмнэлгийн захирал, Хөл шагайн мэс заслын төвийн дарга, доктор Наохиро Хио нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад дээрх зочид төлөөлөгчдөөс гадна ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Уулзалтын хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулж, оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн арга технологийн талаар санал сэтгэгдлээ солилцсон бөгөөд хамтарч ажиллах чиглэлээр дараах зорилтуудыг ярилцлаа.
Тухайлбал, гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ болон Японы эмнэлгүүдэд харилцан сургаж чадавхжуулах, мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, мөн тус улсын эмч, эрдэмтэн багш нартай хамтарсан мэс засал эмчилгээ хийх, хүнд хэлбэрийн буюу ховор тохиолдлын гэмтэл согог, эмчилгээний арга зүйн томоохон судалгаа шинжилгээ хийх чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэхээр болжээ.