Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, олон сарын турш хамгийн өндөр үзэлттэй киногоор шалгарч байсан “Шар гэгээ” УСК-г бүтээсэн “Аранжин пикчерс”-ын ээлжит уран бүтээл тун удахгүй гнээлтээ хийнэ.
Энэ бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн “Задлаагүй захиа” УСК юм.

Уран бүтээлийн багт “Шар гэгээ” киноны найруулагч Б.Батдэлгэр салбартаа тэргүүлэгч олон уран бүтээлчид ажиллажээ.Тэдний заримаас дурдвал киноны продюсероор та бидний сайн мэдэх “Сорил”, “Бүүвэй”, “Нусан багаяа”, “Шар гэгээ”, “Должи ажиллагаа”, “Татар” зэрэг кинонуудад продюсерын үүрэг гүйцэтгэсэн Тодгий буюу Л.Цэрэнтогтох ажилласан байна. Тэрбээр зөвхөн продюсер хийгээд зогсохгүй мэргэжлийн дууны найруулагч гэдгээр нь урлагийнхан сайн мэднэ. “Нийслэл хүүхэн ОАК”, “Зура 2, 3”, “Төрийн дайсан”, “Сайн уу амьдрал минь”, “Фракц 2,3”, “In da house”, “Хохирогч ОАК”, “Хурд-Бүсгүй” зэрэг 100 гаруй кинонуудын дууг найруулсан бол сүүлийн үеийн уран бүтээлийн үргэлжлэл болсон “Задлаагүй захиа” кинонд энэхүү хоёр үүргийг давхар хариуцан ажилаж байгаа аж.

Тэгвэл тус киноны ерөнхий зураглаачаар монголын кино урлагт зургийн найруулагчийн чадвараараа шилдэгүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох Г.Гүенбаатар ажилласан байна. Энэ нь түүний хийсэн олон уран бүтээлүүдээс тодхон харагдана. Тухайлбал тэрбээр “Маш нууц” “Байтаг Богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх”, “Зура I,II III”, “Шар гэгээ” “Татар” зэрэг кинонуудын зургийг авч үзэгчдэд хүргэсэн билээ.
“Задлаагүй захиа” киноны гол уран бүтээлчдийн нэг зураачийн ажлыг “Зүрхний хилэн”, “Ану хатан”, “Содура”, “Хар сувдны нууц”, “Солиот эх”, “37-р точка” зэрэг шилдэг кинонуудын зураач Н.Болор-Эрдэнэ хийсэн бол киноны хөгжмийг үзэгчдийн хамгийн их сэтгэлд үлдсэн “Шар гэгээ”, Мөрч”, “Бүүвэй”, “Эцэг”, “Надад ирээгүй хайр” кинонуудын хөгжмийг хийсэн Б.Санчир зохиожээ.
Б.Батдэлгэр найруулагчийн шилдэг бүтээлүүдийн нэгд тооцогдох уран бүтээл болно хэмээн өндөр хүлээлт үүсгээд байгаа “Задлаагүй захиа” кинонд Ардын жүжигчин, Гавьяат жүжигчдээс эхлээд олонд танигдаагүй орон нутгийн театрын уран бүтээлчид болон цоо шинэ дүр төрхийг голлон гаргахыг хичээсэн гэдгийг кино багийн хамт олон онцлон хэлж байв.

Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Батбаатар, Г.Золбоот, М.Дорждагва нарын “Задлаагүй захиа” кинонд бүтээсэн дүрийн онцлууштай зүйл нь 40 жилийн өмнө театрын тайзнаа тоглож байсан жүжгийнхээ дүрд 40 жилийн дараа дахин дэлгэцийн уран бүтээлээр дүрээ бүтээж байгаа нь үнэхээр сонирхол татам үйл явдал болсон гэв.
Түүнчлэн Эрдэнэт хотын үзэгчид “Задлаагүй захиа”-нд юу нуугдаж байсныг мэдэхийг хүсвэл нэгдүгээр сарын 15-аас эхлэн Өргөө кино театрт гарах уг киног сонирхон үзэх боломжтой.



