Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг эх орондоо нутагшуулна

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн таван эмч Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г эх орондоо нутагшуулахаар БНХАУ-ын Шанхай хотыг зорихоор болжээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4.1-д “Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ” хэмээн тусгагдсан.

Нийт титэм судасны дисплази эмчилгээнд орж буй өвчтөнүүдийн 20 хувь нь дундаас хүнд зэргийн титэм судасны шохойжилт хэмээн оношлогддог. Тухайлбал 2023 онд УХТЭ-д нийт 800 орчим титэм судсан дотуурх оношилгоо хийгдэхэд 85 орчим титэм судасны архаг бөглөрөл (CTO) гэж оношлогдож байжээ.

Ази тивд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, судсан дотуурх дүрс оношилгооны чадамжаар Япон улс, БНСУ болон Тайвань улс тэргүүлдэг. Хүнд зэргийн титэм судсан дотуурх эмчилгээ эдгээр улсуудад дунджаар 20-30 мянган ам долларын үнэтэй аж.

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр:

  • Титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах,
  • Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах,
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний үеийн зүрхний титэм судасны өвчний чанар үйлчилгээг сайжруулах зэрэг ач холбогдолтой хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.