Хөхний хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж эмчлүүлбэл амьдрах чадвар 87% байдаг

Хөхний хорт хавдар нь дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна. Манай улсын хувьд хөхний хорт хавдрын өвчлөл бусад орнуудтай харьцуулахад бага хэдий ч нас баралт өндөр байдаг. Үүний шалтгаан нь хожуу илрүүлэгтэй холбоотой.

Хөхний хорт хавдрыг эхний үед нь илрүүлж, эмчилгээ хийлгэхэд амьдрах чадвар 87 хувьтай байдаг. Харин хоёр, гуравдугаар шатанд илрүүлэхэд 40-өөс доош хувь болж буурдаг. 

Хөхний хорт хавдар нь хөхний эсэд, хэлтэнцэрт, сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүсдэг хорт хавдар бөгөөд хөхний гүнд аль эсвэл арьсан доор өвчингүй бэрсүү үүсэх, суганд зангилаа үүсэх, хөхний хэлбэр өөрчлөгдөх, хөхөн дээр тууралт үүсэх зэрэг нийтлэг шинж тэмдгүүдээр илэрнэ. Энэхүү хорт хавдар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолдож болох боловч эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог. Ихэвчлэн 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдох ч сүүлийн үед залуужих хандлага ажиглагдаж байна.

Хөхний хавдар эсийг гурван зэрэгт ангилдаг. 1-р зэрэг нь аажмаар томорч тэлэх ба идэвхжил сул, 2-р зэрэг нь дунд зэрэг, 3-р зэрэг нь хурдан томорч тэлэх ба идэвхэжсэн байна.

Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд:

1. Хөхөө өөрөө шалгаж хэвших.

2. Жилд дор хаяж 1 удаа мэргэжлийн эмчид хөхөө үзүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдах.

3. Сэжигтэй тохиолдолд хөхний зураг авхуулах.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.